Цөлийг ой болгож хувиргах чадалтай модны сорт гаргаж авчээ

Цөлийг ой болгож хувиргах чадалтай модны сорт гаргаж авчээ

Wikileaks сайтад Нил мөрний хөндийд оршдог Египет, Марокко, Судан зэрэг улсууд усны хомсдлоос болж хоорондоо дайтахад бэлэн болоод байгаа тухай мэдээлэл тавигдсан байсан билээ. 


Судан улс усан сан барихад Египетийн хорлон сүйтгэгчид дэлбэлж орхидог, Египетийн усан сангийн даланг Судан, Аль-Каидатай нийлээд дэлбэлдэг байдал дайн хийхэд хүртэл ойртсон болохыг сайтад дэлгэн тавьсан байсан. 

Үнэхээр хүн төрөлхтөн уснаас болж дайтахад бэлэн болоод байна. Гэтэл дэлхийн цэвэр усны том ундаргад тооцогддог Шар, Нил зэрэг томоохон гол мөрөн далайд цутгаж чадахгүйд хүрсэн түгшүүрт мэдээ чих дэлсэх боллоо.

Усны гачаалд хүргэж байгаа өөр нэг асуудал бол бохирдолт юм. Эх газрын цэнгэг усны бараг тал хувь нь ямар нэг хэмжээгээр бохирдсон байна. Дэлхий дээр өдөрт 10-20 мянган хүүхэд устай холбоотой янз бүрийн өвчний улмаас нас барж байна. Хойд Хятадын гүний усны түвшин дөрвөн метрээр доошилсон нь бидний хувьд түгшүүрт мэдээ юм. Гүний усан сангийн хил хязгаар улс орнуудын газар нутгийн зааг хэмжээстэй давхацдаггүй аж. 

Дэлхийн улс орнууд ус хомсдож байгаагийн үндсэн шалтгаан болох хүлэмжийн хийг бууруулах, экологийн тэнцвэрт байддыг хангах чиглэлээр хамтран ажиллахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Ус хэмнэх шийдлээрээ тэргүүлдэгчдийн нэг болох Израиль улс энэ чиглэлийн судалгаагаараа мөн л толгой цохиж байгаа юм. 

Израиль улсын усны нөөц гүний усны гурван үндсэн савд тулгуурладаг бөгөөд бүгдийг нь хөрш орнуудтайгаа хувааж хүртдэг байна. Эдгээр савын усны нөөц эрс багасахын хэрээр давс болон бусад эрдэсийн агууламж ихэсч, ундны усны чанарыг доройтуулсан юм. 

Иймээс Израилийн усны чанарын стандарт АНУ болон баруун Европынхоос доошлоход хүрсэн байна. Цөлийг ургамалжуулах чиглэлээр судалгаа туршилт явуулж байсан Израиль Италийн эрдэмтдийн хамтарсан баг цөлд ургадаг тамарикс хэмээх ургамлын хуурайшилд тэсвэртэй шинэ сортыг гаргаж авчээ. Эдгээр моддын туршилтын талбай Аравийн үржил шимгүй хөрс бүхий Израилийн нутгуудад таран байрласан бөгөөд нэгэн зэрэг явагджээ. 

Галил нуур, Үхлийн тэнгис орчмын хамгийн үржил шимгүй элсэрхэг хөрсөнд тамариксын 150 сортыг тарьсан байна. Дараа нь моднуудаа хамгийн чанар муутай давстай усаар услах зэргээр туршсаны эцэст тэсвэртэй сортуудыг нь тогтоожээ. Уг мод нь өөртөө их хэмжээний давс агуулж байсан ч ургах чадвартай юм байна. Элсэнд ургадаг тэсвэртэй энэ ургамлыг улам тэсвэртэй болгох, цөлжиж буй бус нутгуудад тарих ажил зогсолтгүй үргэлжлэн явагдах гэнэ. 

Уг мод нь зөвхөн хөрсний усыг бариад зогсохгүй эдийн засгийн ач холбогдолтой аж. Угаас суусан газраасаа шороо атгаж босдог израильчууд энэ талыг нь ч бодолцжээ. 

Төслийн багийн эрдэмтэн Амрам Эшель "Үр ашиггүй байсан газрыг ашигласнаар эдийн засгийн асар өргөн боломж нээгдэнэ. Эдгээр моддоос өндөр чанартай био түлш гаргаж авах бололцоо бий. Хэрвээ бид цөлөө ийм болгож чадах юм бол дараагийн ээлжинд магадгүй, Сахарыг ийм болгохоор оролдох ч юм билүү" хэмээн өгүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.