Жулиан Ассанж Штутгартын Энх тайвны шагнал хүртэв
Wikileaks цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж 2020 оны Штутгартын Энх тайвны шагналыг хүртлээ гэж тус шагналыг бий болгосон Германы “AnStifter” иргэний нэгдэл мэдээлжээ. “Ассанжид энэхүү шагналыг олгосон нь хэвлэл, мэдээллийг эрх чөлөөг эдлэх эрхийг зөвхөн хамгаалах бус хэрэгжүүлэх ёстойг илтгэж буй дохио юм” гэж тус байгууллагын тэргүүн Аннетте Оме-Райнике мэдэгджээ.
Штутгартын Энх тайвны шагналыг энх тайван, шударга ёс, эв санааны нэгдлийн үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн эсвэл төсөлд жил бүр олгодог. Шагналыг таван мянган еврогийн мөнгөн урамшуулал дагалддаг байна. 2014 онд тус шагналыг АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден хүртэж байв.
2010 онд бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдсэн хэргээр буруутгагдсан Ассанж 2012 оны зургаадугаар сараас эхлэн Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өглөө АНУ-ын хүсэлтийн дагуу түүнийг Британийн цагдаа баривчилсан билээ. Лондонгийн шүүх түүнийг батлан даалтад гарах нөхцөлийг зөрчсөн гэж буруутган 11 сарын хорих ял оноосон. Өнгөрсөн оны тавдугаар сарын 2-нд Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх асуудлаар шүүхийн сонсгол эхэлсэн. Хожим нь АНУ-ын эрх баригчид Ассанжид тагнуулын ажиллагаа, нууц мэдээллийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 17 зүйл ангиар ял тулгажээ. Өнгөрсөн сарын сүүлээр Ассанжийн эсрэг “Anonymous” хөдөлгөөний хакеруудтай үгсэн хуйвалдсан гэх хэргээр дахин яллах дүгнэлт гаргасан байна. Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх тохиолдолд тэрбээр 175 жилийн хорих ял авч болзошгүй. Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх асуудлаар шүүхийн сонсгол ирэх есдүгээр сарын 7-ноос үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.