Хьюстон дахь Консулын газрыг хаах хүсэлт гаргасныг шүүмжилжээ
АНУ Хьюстон хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг хаах хүсэлт гаргасан нь хоёр талын харилцаанд ноцтой сэв суулгаж байна гэж БНХАУ пүрэв гарагт мэдэгдээд, уг шийдвэрийг “Хятад, Америкийн ард түмний найрамдлын гүүрийг буулгах” гэсэн үйлдэл гэж үзжээ.
Хоёр улс дипломат харилцаа тогтоосны дараа БНХАУ-аас АНУ-д Хьюстон хот дахь Ерөнхий консулын газрыг анх байгуулсан юм.
АНУ-ын өндөр албан тушаалтнуудын лхагва гарагт мэдээлснээр, “Америкийн оюуны өмч, америкчуудын хувийн мэдээллийг хамгаалахын тулд” уг шийдвэрийг гаргасан ажээ.
Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь, Хьюстон дахь Консулын газар гэх мэт АНУ дахь БНХАУ-ын Дипломат төлөөлөгчийн газрууд нь хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд ямагт олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг дагуу үүргээ гүйцэтгэсээр ирсэн гэж мэдэгджээ.
Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд тус Консулын газар хоёр улс хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Ван хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“АНУ Ерөнхий консулын газрыг үүрэгт нь нийцээгүй үйл ажиллагаанд оролцсон гэж мэдээлсэн нь нэр хүндэд илэрхий хийгээд ноцтойгоор халдсан явдал юм” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Ван АНУ-ыг олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн зарчмуудаас гадна хоёр талын Консулын хэлэлцээрийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргалаа хэмээн шүүмжлээд, уг явдал нь хоёр талын харилцаанд ноцтой сэв суулгаж байна гэж хэлсэн байна.
Тэрбээр асуултад хариулах үеэрээ, АНУ-ын тал 2018 оны долоодугаар сард, 2020 оны нэгдүгээр сард Хятадын дипломат шууданг хоёр удаа зөвшөөрөлгүйгээр задалснаар Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Консулын харилцааны тухай Венийн конвенцийг илт зөрчиж, Хятад улсын дипломат эрх ямба, аюулгүй байдлын ашиг сонирхолд ноцтой халдсан гэж мэдээлжээ.
Эдгээр явдлыг гарах үед АНУ дахь Хятадын дипломат төлөөлөгчид АНУ-ын талд нэн даруй албан ёсны байр сууриа илэрхийлсэн бөгөөд АНУ-ын тал холбоотой баримтуудыг няцаагаагүй боловч тэдгээр явдлыг техникийн алдаанаас үүдэлтэй хэмээн мэдээлсэн гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг зөрчсөн АНУ-ын аливаа үйлдлийг зэмлэн буруушаах хэрэгтэй гэж Ван хэлжээ.
Мөн тэрбээр, АНУ Ерөнхий консулын газрыг буруутгасныг “худал мэдээлэл” хэмээн хэлээд, тус улсын мэдэгдэл бодит байдалтай нийцэхгүй байна гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.