"Crew Dragon" хөлөг Мексикийн булангийн усан дээр буулаа

"Crew Dragon" хөлөг Мексикийн булангийн усан дээр буулаа

Сансрын нисгэгч Даглас Хёрли, Роберт Бенкен нарын жолоодсон Америкийн Crew Dragon сансрын хөлөг Мексикийн буланд, Флорида муж улсын эргээс холгүй газарт далайн усан дээр буулаа. 

Хөлөг 5500 м-ийн өндөр байх үед тоормосны шүхрүүд идэвхжиж, хэдэн минутын дараа 2000 орчим м-ийн өндөрт үндсэн 4 шүхэр задарсан байна. Америкийн зүүн эргийн цагаар 14:48 цагт Crew Dragon хөлөг хурдаа 7,5 м/с хүртэл хасаж, Мексикийн буланд далайн усан дээр буужээ. 

"Crew Dragon" хөлөг бямба гарагт Америкийн зүүн эргийн цагаар 19:35 цагт Олон улсын сансрын станцаас /ОУСС/ автомат горимоор салсан байна. Мексикийн булангийн усанд буухаас нэг цагийн өмнө уг хөлөг тойрог замаас гарч, доошилж эхэлжээ. Хамгийн сүүлд 1975 онд Америкийн “Apollo” сансрын хөлөг усан дээр бууж байсан юм. Уг хөлөг “Союз-Аполлон" хөтөлбөрийн хүрээнд Зөвлөлтийн "Союз-19" хөлгийн хамт туршилтын нислэгт оролцжээ. 

"Crew Dragon" хөлгийг “Falcon 9” тээгч пуужингаар 5 дугаар сарын 30-нд тойрог замд оруулсан бөгөөд 31-ний өдөр ОУСС-тай автоматаар холбогдсон байна. Уг хөлөг нь ачааны Dragon хөлгийн шинэчилсэн хувилбар юм.  

"Crew Dragon"-ны нислэг нь сүүлийн 9 жилийн хугацаанд анх удаагаа АНУ-д үйлдвэрлэсэн хөлгийг Америкийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн жолоодлогот нислэг байлаа.  2011 оноос хойш НАСА ийм нислэг хийгээгүй байсан бөгөөд Америкийн сансрын нисгэгчдийг Оросын “Союз” хөлгөөр ОУСС-ад хүргэж байв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.