Хил нээсний улмаас халдварын тохиолдол нэмэгдэнэ гэж болгоомжилж байна

Хил нээсний улмаас халдварын тохиолдол нэмэгдэнэ гэж болгоомжилж байна

Абхазын коронавирусний халдварт өвчнөөс ард иргэдийг хамгаалах шуурхай штабын гишүүд ОХУ-тай залгаа хилд хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, халдвар дахин дэгдэж болзошгүй тухай мэдэгджээ. Энэ тухай Абхазын Эрүүл мэндийн яаманд болсон шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна.

“Хил нээхээс өмнө орон нутгийн оршин суугчдын дунд коронавирусний халдварт өвчин дэгдэж, Гудаута хотын эмнэлэг дүүрч эхэлсэн. Өдөр бүр коронавирусний халдварын 8-10 орчим тохиолдол шинээр илэрч байгаа бөгөөд ийм хэмжээнд нөхцөл байдлыг зохицуулах тун хүндрэлтэй байна. Халдвар авсан хүмүүсийн тоон дээр хилийн чанадаас ирж буй хүмүүсийг нэмбэл тусламж үзүүлэх боломжгүйд хүрч магадгүй байна. ОХУ-тай залгаа хилийг нээсэн эхний өдөр л гэхэд 7.5 мянга орчим хүн хил давжээ” гэж Абхазын Эрүүл мэндийн орлогч сайд Алхас Конжария мэдэгдсэн байна.

Өвчтөнүүдэд шуурхай тусламж үзүүлэх, эмнэлгийн ажилтнуудад учрах эрсдэлийг бууруулахын тулд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнүүдийг зөвлөгөөнд оролцогчид хэлэлцжээ.

Абхазтай залгаа хилийг нээх тухай захирамжид ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин 8 дугаар сарын 1-нд гарын үсэг зуржээ. Абхазын Ерөнхийлөгч Аслан Бжания мөн ижил шийдвэр гаргаж, коронавирусний цар тахалтай холбогдуулан 4 дүгээр сараас тогтоосон хязгаарлалтуудаа цуцлахаа мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.