Ливанд 200 сая гаруй еврогийн яаралтай тусламж үзүүлэхээ ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдсэн байна.
Ливаны асуудлаарх хандивлагчдын видео бага хуралд оролцогчид Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтийн үр дагаврыг даван туулахад зориулж 200 сая гаруй еврогийн яаралтай тусламж үзүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдсэн байна.
“Бид 200 сая гаруй еврогийн яаралтай тусламж үзүүлэх анхны алхмаа аваад байна. Бейрут хотын үүрч буй зовлонг хөнгөлөхийн тулд Герман улс гэхэд л дангаараа нэмж 20 сая еврогийн санхүүжилт олгоно” хэмээн тэрбээр ярьжээ.
"Улс оронд нь болж буй зүйлд ард иргэд сэтгэл хангалуун бус байгааг ойлгох хэрэгтэй гэж би боддог. Ливан дахь нөхцөл байдал шинэ зүйл биш юм. Ливаны Засгийн газрын хариуцлагатай этгээдүүд цаг үеэ мэдэрч, цаашид ийм зүйл үргэлжлэх ёсгүйг ойлгоно гэж найдаж байна” хэмээн Хайко Маас мөн ярьсан байна.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны даргалсан хандивлагчдын бага хурлын дүнд оролцогчид Ливаны ард түмэнд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө олгохоо амлажээ.
Түүнчлэн бага хуралд оролцогчид Бейрут хотод дэлбэрэлт болсонтой холбогдуулан бодитой, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг дэмжиж, энэ асуудлаар Ливанд дэмжлэг үзүүлэхээ санал болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.