Светлана Тихановская Литва улс руу дүрвэжээ
Өнгөрсөн ням гарагт Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. Энэ сонгуульд 1994 оноос хойш тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Александр Лукашенко дахин ялалт байгуулж, 2025 оныг хүртэл төрийн тэргүүнээр ажиллахаар болоод байгаа. Харин сөрөг хүчнийхэн энэхүү сонгуулийн үр дүн мөн Александр Лукашенкогийн улс төрийн ноёрхлыг эсэргүүцсэн жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Беларусь улсын хэд хэдэн хотод иргэд жагсаж, сөрөг хүчний тэргүүн эх орноосоо дүрвэсэн үйл явдал давхар өрнөж байна.
Александр Лукашенкогийн 26 жилийн улс төрийн ноёрхлыг эцэс болгох өөрчлөн шинэчлэгчээр нэрлэгдэж буй Светлана Тихановская Литва улс руу дүрвэн гараад байна. Светлана Тихановская Литвад байгаа, тэрээр одоо аюулгүй гэж тус улсын гадаад хэргийн сайд твиттерт жиргэсэн байна. Багш мэргэжилтэй ч сүүлийн жилүүдэд гэртээ суусан энэ эмэгтэйг сонгуулийн санал хураалтын дараагаар баривчилж, 7 цагийн турш саатуулсан мэдээлэл гарсан байна.
Үүний дараа тэрээр эх нутгаа орхижээ. Өнгөрсөн ням гарагт явагдсан сонгуулиар Александр Лукашенко 80 хувийн саналыг авч ялалт байгуулсан талаар сонгуулийн төв хорооноос ч мэдээлсэн ч Беларусийн сөрөг хүч энэхүү дүн мэдээг эсэргүүцсэн юм. Лукашенко сөрөг хүчний дэмжигчдийг гаднынхнаар удирдуулсан “хоньнууд” хэмээн цоллож байгаа бол сөрөг хүчнийхэн түүнийг огцрохыг шаардсаар байна. Жагсагчид болон хамгаалалтын хүчнийхний хооронд мөргөлдөөн үүсч, одоогийн байдлаар нэг хүн амиа алдаад байгааг мэдээлэл гарч байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.