ОХУ коронавирусний эсрэг вакцинаа “СПУТНИК V” гэж нэрлэв

ОХУ коронавирусний эсрэг вакцинаа “СПУТНИК V” гэж нэрлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс дэлхийн анхны коронавирусний эсрэг вакциныг гаргаж авсан талаар мэдэгджээ. ЭМЯ-наас нь албан ёсоор баталгаажуулсан уг вакциныг “Спутник V” гэж нэрлэсэн байна. Энэ нь Зөвлөлтийн үед тус улсын хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэр юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Николай Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан энэхүү вакциныг Ерөнхийлөгч Путины охидын нэг нь өөр дээрээ туршсан байна. Туршилт маш амжилттай болжээ.

ОХУ коронавирусний эсрэг вакцинаа ирэх есдүгээр сараас олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Оросоос уг вакциныг нь авахаар Латин Америк, Ойрх Дорнод, Азийн 20 улс захиалга өгчээ.

ОХУ жилд 500 сая вакцин үйлдвэрлэх боломжтой гэжээ. Хойд хөрш ийнхүү дэлхийд анх удаагаа коронавирусний эсрэг вакциныг бүтээж, хэрэглэхийг зөвшөөрсөн улс болж байна. ДЭМБ-аас аль ч улсад бүтээж буй коронавирусний эсрэг вакцин аюулгүй байдлыг дээд зэргээр баталгаажуулсан байх ёстойг анхааруулжээ. ДЭМБ Орост бүтээгдсэн вакцинд гэрчилгээ олгох талаар хэлэлцэж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.