Мүүн Жэ Ин: Нийтийн эрүүл мэндийн эсрэг хууль бус үйлдлүүдтэй хатуу тэмцэхээ мэдэгджээ.

Мүүн Жэ Ин: Нийтийн эрүүл мэндийн эсрэг хууль бус үйлдлүүдтэй хатуу тэмцэхээ мэдэгджээ.

24 цагийн дотор коронавирусийн халдварын 279 тохиолдол бүртгэснээ Өмнөд Солонгосын эрх баригчид Ням гарагт зарлалаа.

Өмнөх өдрөөсөө 166-аар өссөн нь энэ бөгөөд энэ оны гуравдугаар сараас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин халдварын тохиолдол огцом нэмэгдсэнтэй холбогдуулан фэйсбүүк хуудсандаа мэдэгдэл гаргажээ.

“Зарим сүмүүдэд халдварын голомт илэрснээс шалтгаалан нэг өдрийн дотор 279 болж огцом нэмэгдлээ. Бид маш ноцтой нөхцөлд байна. Бидний хүчин зүтгэл амжилттай болох, эсвэл бүтэлгүйтэхийн зааг дээр ирээд байна” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.

Мүүн Жэ Ин мэдэгдэлдээ хорио цээрийн дэглэм сахихгүй байгаа сүмүүдийг шүүмжилжээ.

Нэгэн үндсэрхэг үзэлтэй сүмийн тэргүүн өөрийн сүсэгтнүүдийг Японы колоничлолоос салсны ойн өдөр (наймдугаар сарын 15) засгийн газрын эсрэг жагсахыг уриалсан нь нийслэл Сөүлд тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчсөн явдал болсон юм.

Мүүн Жэ Ин энэ мэт нийтийн эрүүл мэндийн эсрэг хууль бус үйлдлүүдтэй хатуу тэмцэхээ мэдэгджээ.

Өчигдөр зарласан 279 тохиолдлын 267 нь дотоодод дамжсан халдварын тохиолдлууд байсан ба ихэнх нь нийслэл Сөүл орчимд илэрсэн байна.

Сөүлд илэрсэн тохиолдлуудын 107 нь дээр дурдсан жагсаал цуглааныг зохион байгуулсан Саран Жэйл христийн сүмтэй холбоотой байжээ.

Өмнөд Солонгосын нийт халдварын тохиолдлын тоо Ням гарагийн байдлаар 15,318 хүрсэн бол нас барсан хүний тоо нэмэгдээгүй, 305 хэвээр байна.

Сөүл хотод халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан Ням гарагаас хоёр долоо хоногийн хугацаатай тусгай арга хэмжээ авч эхэлсэн юм.

Үүнд шөнийн клубүүд, караокэ баарууд, буффет ресторанууд, фитнес клубүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх өндөр шаардлага тавигдах ба ингэх боломжгүй бол түр хаах шаардлага хүргүүлжээ. Долдугаар сарын сүүлээс эхлэн бэйсбол, хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүдийг цөөн үзэгчтэй эхлүүлсэн бол буцаад үзэгчгүй зохион байгуулахаар болсон байна.

Мөн Сөүл орчим амьдардаг иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд улс орны бусад бүс нутгууд руу зорчихгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: Associated Press

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.