Ази, Европт коронавирусний хоёр дахь давлагаа эхэлсэн гэв
Дэлхий дахинд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.
Япон болон Өмнөд Солонгост өвчлөл дахин дэгдэж байна. Мөн Австралийн Виктория мужид сүүлийн 24 цагийн хугацаанд 24 хүн нас барж, 290 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн хүнд өдөр байжээ. Францад 3015 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь халдвар шинээр дэгдэж байгаа хоёр дахь өдөр болсон байна. Ази болон Европын оронд хоёр дахь давлагаа эхэлсэн гэж ДЭМБ үзжээ.
Цар тахлын үед хөдөлгөөний хязгаарлалт, хөл хорионы дэглэм тогтоож, хүмүүсийн хөдөлгөөнийг багасгах нь халдварын тархалтыг бууруулж, хяналтдаа авах хамгийн зөв арга гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Франц, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд зэрэг улсад хязгаарлалтын дэглэмүүдийг эргэн сэргээж эхэлжээ. Итали улс халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор олон нийтийн зарим газруудыг хааж, заавал маск зүүх журам гаргаж, маск зүүгээгүй хүмүүсийг торгох арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус улсад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд залуусын дунд өвчлөл нэмэгджээ. Мөн гадаадаас ирсэн 949 хүнд коронавирус илэрсэн байна. Иймээс гадаадаас ирж байгаа хүмүүст илүү их анхаарах журам гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.