Г.Занданшатар: Үндсэн хуулийн 6.2-той холбоотой ташаа мэдээ тарааж байна
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь заалттай холбоотой асуудлаар ташаа мэдээ тарааж байгаа нь Үндсэн хуульт байгууллагын эсрэг гэмт хэрэг гэж үзэхээс аргагүй хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордонд өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аас ноднин 11 дүгээр сарын 14-нд баталж энэ оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Энэ эргэлзээг тайлахаар Төрийн ордонд өнөөдөр Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллагын олон талт хэлэлцүүлэг өрнөж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Төрийн нийтийн өмч гэсэн тодорхойлолт Үндсэн хуульд оруулснаар, гадаадынханд газар зарж байна гэсэн ташаа мэдээ тарж байна. Үүнийг тагнуул, хууль хяналтын байгууллагаар шалгуулсан. Тийм мэдээлэл үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Төрийн нийтийн өмч гэдгийг анх гавьяат хуульч Б.Чимид 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэлэлцэх үед томъёолж санал оруулсан байдаг. Тухайн үеийнх нь хурлын протоколууд ч бий. Тэрээр, ард түмний эрх ашгийн төлөө байх ёстой байгалийн баялаг нь төрийн нийтийн өмч гэж тодорхойлох нь зүйтэй гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэлэлцэж байх үед хэлсэн байдаг. Төрийн ордон бол төрийн өмч мөн. Гэхдээ үүнийг худалдан борлуулах нь Засгийн газрын эрхийн хүрээний асуудал ч түүний газар доор байгаа газар, баялаг ард түмний өмч буюу УИХ-аар заавал хэлэлцүүлдэг байх ёстой гэсэн санааг гаргаж захиран зарцуулах, ашиглах, эзэмших статусыг хоёр ангилж тодорхойлсон.
Үнсдэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. АНУ-д газрын хэвлийн баялгийг гадаргуутай нь хувьчилдаг. Дээрх газрыг нь өмчилсөн бол доороос нь газрын тос гарвал тухайн иргэний өмч гэж тооцдог. Харин манай улсад газрын хэвлийн баялаг төрийн нийтийн өмч гэж зориуд тодорхойлсон. Түүнийг хэн нэгэн авч болох ч рояалти төлбөр төлж ашиглана. Энэ бол дэлхийн зохицуулалт. Иймээс төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч гэж хуваагдана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үед Б.Чимид гуайн томъёоллыг Еррөнхийлөгч санал болгосноор, нарийвчлан судалж үзээд "төрийн нийтийн" өмч гэж тодорхойлолт оруулсан. Үүнээс болж гадаад, дотоодын хэн нэгэнд газар өмчлүүлэх эрх зүйн үр дагавар гараагүй. Монгол Улсын Үндсэн хуульд газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх эрхтэй гэж заасан. Төрийн нийтийн өмчийг хэн эзэмших эрхтэй вэ гэдгийг Үндсэн хуулийн 6.3-т тодорхой заасан байгаа.
6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан. Гэхдээ нийтийн эдэлбэр болон улсын тусгай хэрэгцээний газрыг өмчлүүлж болохгүй, төрийн нийтийн өмчдөө байлгахаар тодорхой заасан. Газрыг хүнд өмчлүүлж болох ч газрын хэвлийг өмчлүүлж болохгүй гээд заачихсан. “Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гээд нэмэлт өгүүлбэр байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн хүн хашааны тодорхой газраа өмчилж болох ч бусдад шилжүүлж болохгүй. Эзэмшиж ашиглуулахдаа, төрийн байгууллагын зөвшөөрөл авах ёстой гэсэн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэж, улсын тусгай хэрэгцээг үндэслэж нөхөн олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах үүрэгтэй. Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалах болон ҮАБЗ-д харшлахаар ашигласан тохиолдолд хураан авч болно гэж заасан. Энэ заалтыг үндэслэж Салхитын мөнгөний ордыг хураан авах ажиллагаа явагдсан. Төрөөс гадаад иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд төлбөр, хугацаа болон хуульд заасан бусад болзлоор газрыг ашиглуулж болно гэж хуульд байгаа. Өмнө нь ч ийм зохицуулалт байсан. Энэ зохицуулалтаар Оюутолгой, Боро Гоулд зэрэг компани ашиглалтын лиценз авсан. Олон улсын жишгээр байсан зүйлийг цэгцэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ яригдаад байгаа буруу зүйл ор үндэсгүй бөгөөд зохион байгуулалттай бол Үндсэн хуульд байгууллагын эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна” хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.