Багадсан формоо эмзэг бүлгийн хүүхдүүдэд хандивлах аян үргэлжилж байна
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед сурагчийн дүрэмт хувцас, цүнх гээд өмсөж зүүх хэрэглээ мундахгүй. Амьдралын боломжгүй олон хүүхэдтэй айл шинэ дүрэмт хувцас 100-150 мянган төгрөгөөр аваад байж чадахгүй. Дэвтэр номтой, мөр бүтэн, гэдэс цатгалан явуулж байгаадаа л баярлаж суух. Гэтэл өдрөөс өдөрт үнэ нь хадаад байдаг хэрэглээгээ хэрхэн базаах вэ гэдэг асуудал үүснэ. Мөнгөтэй нь шинийг авчихдаг л юм байгаа биз, мөнгөгүй нь яах билээ. Тэгвэл цахим сүлжээгээр давлагаалж буй нэгэн аяныг та бүхэнд танилцуулъя.
Таны хүүхдийн багадсан дүрэмт хувцас, хуучраагүй ч хаяхад хайран цүнхнүүд гэрт тань байгаа юм биш биз. Хүүхэд гэдэг өдрөөс өдөрт өсөж байдаг болохоор үнэтэй авсан шинэхэн форм нь намар гэхэд багадчихдаг шүү дээ. “Сайн дурынхны хөгжлийн төв”, “Ротари” бүлгийнхэн багадсан форм, хуучин цүнхээ эмзэг бүлгийн хүүхдүүдэд хандивлах аяныг жил бүр зохион байгуулдаг. Тэр ч байтугай цахим сүлжээнд гутал, хувцас, дэвтэр ном ч хандивлах аян ч эрчимтэй өрнөж байна лээ. Энэхүү аянд цугларсан хичээлийн дүрэмт хувцас хэрэглэлийг эцэг эх, асран хамгаалагчгүй, хүчирхийлэлд өртөж гэр орноосоо дайжсан эсвэл ар гэрийн санхүүгийн бололцоогүйгээс болон эрсдэлд орсон хүүхдүүд, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүргэдэг ажээ.
“Сайн дурынхны хөгжлийн төв“-ийн дотоод багийн гишүүн С.Тэлмэн “Энэ сарын 20-24-ний хооронд хэрэгцээ шаардлагатай айл өрхүүдээр явж хандиваар ирсэн зүйлсийг хүүхдүүддээ түгээнэ. Та гэртээ ирж авахуулах, эсвэл өөрөө хүргэж өгөх боломжтой” гэж дамжуулсан юм. Цоо шинэ биш ч бага зэрэг элэгдсэн дүрэмт хувцсыг хими цэвэрлэгээнд угаалгаж, индүүдэн шинэ юм шиг болгоод эзэндээ очих аж. Тиймээс цар тахлын улмаас хаа сайгүй эдийн засаг хямралтай байгаа энэ үеийг хэн хэндээ нэмэр тус болж дэм дэмэндээ хамтдаа давцгаана шүү гэж бүлгийн залуус уриалж байлаа.
Эцэг, эхчүүд маань үр хүүхдийнхээ өмсөж, эдэлж байсан зүйлийг танихгүй хүнд өгөхөөсөө цээрлэж, цэрвэдэг ч хүүхэд гэдэг ариун цагаан энергитэй. Тиймээс хүүхэд хүүхэддээ гэмгүй, ариухан. Үүнийг мэдэх эцэг, эхчүүд хайрцаг дүүрэн хандивын зүйлсийг баяр хөөртэйгөөр өгчихөөд явж байна лээ.
ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.