Өмнөд Солонгост халдвар тасралтгүй нэмэгдэж байна
Дэлхий дахинд коронавирусний халдвараар 216 улсын нутаг дэвсгэрт 23 сая гаруй хүн өвчилж, 810 мянган хүн энджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд өвчлөл сая саяар нэмэгдсэн бөгөөд тархалтын индекс огтхон ч буурахгүй байгаа аж. Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд 249 мянган хүн халдвар авчээ.
Хойд хөрш ОХУ-д хоногт 4921 хүн халдварлаж, 121 хүн нас барсан байна. Хятадад хоногт 38 тохиолдол бүртгэгдсэний 12 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ. Японд хоногт 924 хүн халдвар авч, зургаан хүн энджээ. Энэ нь сүүлийн тав хоногтой харьцуулахад тус улсад нас баралт буурсан үзүүлэлт болсон байна. Өмнөд Солонгост сүүлийн 14 хоногт халдвар тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд хоногт 397 хүн халдвар авсан нь энэ оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр өвчлөлтэй өдөр болжээ. БНСУ-д халдвар цаашид голомтлон тархахгүй байх тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажиллан, хатуу дэглэмд шилжинэ гэсэн байна.
Дэлхий дахинд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор АНУ-ын вирус судлаачид тооцоолол гаргахад, олон америк хүн амны хаалт зүүвэл ирэх гуравдугаар сард 70 гаруй мянган америкчуудыг коронавирусний халдвараар нас барахаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ.
Шотландын хэд хэдэн дунд сургуулийн сурагчдын дунд халдвар гарсан бөгөөд тус улсад хичээлээс гадуурх бүх арга хэмжээг хориглох аж. Австралид мөн нийтийг хамарсан цугларалт, арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.