Ц.Оюунсүрэн: Чанарын хувьд олон улсын стандарт, жишигт нийцсэн оношлуур гэж үзэж байгаа

Ц.Оюунсүрэн: Чанарын хувьд олон улсын стандарт, жишигт нийцсэн оношлуур гэж үзэж байгаа

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган аваад буй.

Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм. Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэн Молекул биологийн лаборатаорийн академич Ц.Оюунсүрэнтэй ярилцлаа.

-Монгол эрдэмтэд “КОВИД-19”-ээр халдварлаад эдгэрсэн хүмүүст дархлаа суусан эсэхийг оношлох оношлуур гарган авсан. Энэ ажил хэрхэн явагдсан талаар яриагаа эхлэх үү?

-Манай ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн  Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн  эрдэмтдийн хамтарсан баг SARS-CoV2  коронавирусний халдварыг хүний цус, сийвэн зэрэгт уг вирусын эсрэг бие илрүүлэх аргаар оношлох оношлуурын  цомгийг гарган аваад байна.  Энэ ажилд генийн инженерчлэл,  молекул  биологи, иммунологи, биохимийн  арга ашигласнаараа нэлээд шинэлэг бөгөөд   орчин үеийн   шаардлага, хэрэгцээнд нийцсэн оношлуур гэж үзэж байна. Биднийг анх дөрөвдүгээр сарын эхээр оношлуур гаргах төсөл боловсруулаад танилцуулахад манай ШУА, БШУЯ, ШУТСан, ЭМЯ-наас уг  санал санаачилгыг  дэмжиж, боломжоороо санхүүгийн дэмжлэг туслалцаа  үзүүлсний дүнд бид оношлуур, түүний эхний загваруудыг гаргав. 

-Коронавирус илрүүлэх оношлуурыг хэдий хэр хугацаанд гарган авав. Манай эрдэмтэд өмнө нь оношлуур бүтээж байсан туршлага бий          

-Бид гурван сарын хугацаанд  нарийн төлөвлөгөөтэй,  маш шахуу,  бараг 24 цагаар ажиллаж  оношлуурыг  гарган авсан. Өмнө нь   манай Молекул биологийн лабораторид  элэгний хавдрын тохиолдолд хүний цусанд ихэсдэг альфафетопротеин гэдэг  уургийн хэмжээг тодорхойлох  элэгний хавдарын   оношлуур гаргасан туршлагатай.  Одоогоор    оюуны өмчийн эрх авахаар хүлээгдэж байгаа.

-Оношлуурыг хаанаас баталгаажуулдаг вэ?     

-Мэдээж Оюуны өмчийн  эрхийн баталгаа  авна. Тэгээд холбогдох референс лаборатариуд  ашиглаж шалгаж  дүнг нэгтгэн ЭМЯ зэрэг газар баталгаажуулах байх

-Олноор үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлэхэд ямар хүндрэл байгаа вэ, санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэхээр болсон бэ?         

-Гол нь санхүүжилтийн асуудал байна. Бидний ажлыг  БШУЯ, ЭМЯ, манай ШУА-ийн удирдлага  дэмжиж саяхан хамтарсан уулзалт зохион байгуулсан.  Үйлдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө,  санхүүжилт, багаж, урвалж зэргийн тухай  үндэслэл,  тайлбар зэргийг тусгасан бичиг дээд байгууллагуудад өгсөн.  

-Давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ гээд байгаа. Ер нь энэ оношлуур ХӨСҮТ-ийн төв болон салбар лабораторид хэрэглэж байгаа оношлуураас ямар ялгаатай вэ /үнэ, чанарын асуудлаар/?          

-Давтан шинжилгээгээр короновирус илэрч болно, хүний биед хэдхэн тооны вирус байвал тэр нь үржээд олшроод шинжилгээгээр  илэрнэ.  Ер нь  вирусыг, ялангуяа РНХ бүхий вирусыг  бүрэн устгах гэдэг маш төвөгтэй асуудал, энэ ганц короновируст хамаатай биш,  ер нь   дэлхий нийтээр эрдэмтэд  вирусын, ялангуяа өвчин үүсгэгч вирусын судалгааг  маш эрчимтэй хийж байгаа ч асуудал  одоо болтол бүрэн шийдэгдээгүй  л байгаа. 

Одоогоор манайд дэлхийн бусад улс орнуудын  адил  SARS-CoV2 вирусын халдварыг  оношлох, баталгаажуулахад уг вирусын эсрэг төрөгч, эсрэг биед суурилсан түргэн оношлуур болон бодит хугацааны Полимеразын гинжин урвалд  (ПГУ) суурилсан  хоёр төрлийн оношлуурыг ашиглаж байна.  Харин  бидний гарган авсан оношлуур нь SARS-CoV2  вирусын халдварын  улмаас хүний биед  уг вирусын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг илрүүлэх юм.   Иймээс энэ  оношлуур нь уг  вирусын халдварын явц болон “Ковид-19”  өвчний  эмчилгээний үр дүн,  уг  вирусын эсрэг дархлаа тогтоц зэргийг хянах, вирусын халдвар авсан ч шинж тэмдэг  илрээгүй хүмүүсийг  илрүүлэх, хүн амын дундах, ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүсийн дархлаа тогтоц болон  вакцины дараах дархлаа  тогтцыг  хянах  зэрэг олон  чухал ач холбогдолтой.  Чанарын хувьд олон улсын стандарт, жишигт нийцсэн оношлуур гэж үзэж байгаа. Үнэ өртгийн тухай одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Одоогоор уг оношлуурыг хэчнээн хүнд туршаад байна вэ, үр дүнгийн талаар?           

-Манай ХӨСҮТ-д  хэвтэж эмчлүүлээд эдгэрсэн  10 хүний цусны дээжинд   уг оношлуурын загвараа ашиглаж  оношил оо хийж туршсан, үр дүн  100 хувь сайн  байв. Харин одоо 100 хүний дээжинд шалгахаар ажиллаж байна.

-Ер нь энэ оношлуураа гадаадад гаргах санаа төлөвлөгөө байгаа юу?

-Оношлуурыг олноор үйлдвэрлэх санхүүжилтийн асуудал шийдэгдвэл энэ талаар  цаашид бодож болох байхаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тусгай сургуулийн удирдлагуудад ганцаарчилсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өгөв 2020-08-24

Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандуулжээ 2020-08-24

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдэд 7 тэрбум төгрөгийн татаас олгоно 2020-08-24

Бэлчээрийн даацыг газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй 2020-08-24

Зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт эхлэв 2020-08-24

Ц.Оюунсүрэн: Чанарын хувьд олон улсын стандарт, жишигт нийцсэн оношлуур гэж үзэж байгаа 2020-08-24

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид арга хэмжээ авчээ 2020-08-24

Засгийн газар НҮБ-тай хоёр жил хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулжээ 2020-08-24

Эдгэрсэн 218 хүний ажиглалтын ХУГАЦАА ДУУССАН 2020-08-24

3.5 сая төгрөгийн шагналтай “Зүүм” гэрэл зургийн уралдаан зарлалаа 2020-08-24

Хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл НЭМЭГДЭЖ байна 2020-08-24