Сургууль, цэцэрлэгийн бүртгэл дараалал багатай байна

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл дараалал багатай байна

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Чингэлтэй дүүрэгт “7 буудал”-аас холгүйхэн байрлах 37 дугаар сургуулийнхан уламжлалт соёлоо, тэр дундаа монгол бичгийн хэрэглээгээ хадгалж үлдэхээр ханцуй шамлан байгаа нь нүдэнд тод туслаа. Анги бүрийн хаалганы хажуудах хаягаас эхлүүлээд коридор, ханын самбаруудад хүртэл монгол бичгийн үзэмж төгс бичиглэлүүд харагдана. Тэдгээртэй зэрэгцэн “Зай барь” тэмдэглэгээ бүхий шар зураасууд хоёр орчим метрийн зайтай дараалан нэгдүгээр давхраас хамгийн дээд давхар хүртэлх бүхий л зайд байрлажээ.

Цар тахлын улмаас 2020-2021 оны хичээлийн жил цомхон болж, Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 20 хүүхэд суралцахаар тохижуулжээ. Ангиар оронгуут хаалганы ойролцоох буланд ариутгалын хэрэгслүүдийг өрсөн байна. Тэнд гар ариутгагч, саван, хуурай, нойтон салфетка, агааржуулагч, шил арчигч, арц, хүж зэрэг зүйл бүрийн ариутгалын бодисууд харагдана. Нэг бодлын цөөхөн хүүхэд ээлжээр хичээллэх нь хүүхдэд ч, багшид ч амар юм шиг санагдлаа. Өнгөрсөн хичээлийн жилд зөвхөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийнхныг цахимаар элсүүлж байсан бол энэ хичээлийн жил нийслэл даяараа цахим элсэлт явагдаж байгаа онцлогтой. Цахимаар бүртгүүлэхэд хүүхдийн болон ээжийн регистрийн дугаар, интернэттэй орчин байхад л хангалттай юм.

37 дугаар сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нийт 230 хүүхэд хамрагдахаас 187 хүүхдийг бүртгэсэн буюу бүртгэлийн явц 85 хувьд хүрчээ. Долоо хүрэхгүй хоногийн дараа л хүүхэд, багачуудын олон сарын турш хүсэн хүлээсэн сургууль, цэцэрлэг орно. Гэхдээ одоогийн товлосон байгаагаар гурван улиралтай, долоо хоногт таван өдөр 19 цагаар хичээллэнэ. Сурагчдын сургууль руу орох, гарах гарцуудыг ангилж, гадна болон дотор талд бөөгнөрөл үүсгэхгүй. Өөр хоорондоо ялгаатай цагуудад тарж, өдөр тутамд хэд хэдэн удаа цэвэрлэгээ, ариутгалыг мэргэжлийн хүмүүс нь хийнэ.

Сурагчид цэвэрлэгээ хийхгүй. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн тоглох тоглоомонд хүртэл хэмжээ хязгаарыг тавьж байгаа нь ёстой л цар тахлын дэглэмийг санагдуулж байлаа. Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш Ю.Энхтуяа “Ихэвчлэн интернэтээр орох боломжгүй эцэг, эхчүүд сургууль дээр ирж бүртгүүлж байна. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн 45 хувьд нь эцэг, эхчүүд цахимаар бүртгүүлжээ. Цахимаар бүртгүүлэхэд илүү хялбар байгааг багш, эцэг, эхчүүд хэлж байна.

Энэ жилийн хувьд бүртгэлд дараалал алга. Бүртгэлийн цахим систем автоматаар иргэний бүртгэлийн мэдээллийг хянаж байгаа учраас алдаагүй, үнэн бодит мэдээлэл ирж байна. Эцэг, эхчүүд сургууль дээр биечлэн ирж бүртгүүлбэл зай барьж халуунаа хэмжүүлж, гар ариутгагч хэрэглэж, амны хаалтаа зүүх ёстой. Ерөнхийдөө хичээлийн бэлтгэл бүрэн хангагдсан. Хичээллэх цагийг баталсан. Энэ жил ихэвчлэн 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэж байна. Мөн 2010 оноос хойш төрсөн хичээлээс завсардсан хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх боломжтойгоороо онцлогтой.

Багш нар цахим хичээлийг сурагчидтай хамт давхар үзээд явж байсан. Ангийн группээр дамжуулж видео хичээл хийж байсан. Үр дүнг энэ хичээлийн жилээс үзэх байх. Цахим хичээлийн хувьд бүх сургуульд нэг стандартын дагуу хичээл орж байгаа нь боломжийн санагдсан. Хичээл зааж байгаа багш нараасаа суралцаж, санаа солилцох зүйлүүд байсан” хэмээлээ. Ийнхүү нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэж байгаа цомхон хэсэгт ганц, хоёроороо эцэг, эхчүүд ирсээр байлаа. Эцэг, эхчүүдийн зүгээс бүртгэл хийлгэхэд төвөг чирэгдэл алга гэдгийг онцоллоо. Тэдний хувьд цахим хичээлийг хүүхэдтэйгээ хамтран хийлгэж байсан боловч бичиж тэмдэглэхэд хурдыг нь гүйцдэггүй учраас давтаж үзэж байж хичээлийг бүрэн гүйцэд ойлгох боломжтойг ч мөн хэллээ.

Zindaa.mn 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарчээ 2020-08-25

Эрхээ нөхөн сэргээх эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ 2020-08-25

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Б.Энхбайгалийг томилов 2020-08-25

Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа 2020-08-25

ЗУРХАЙ 2020.08.26 : Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна 2020-08-26

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл дараалал багатай байна 2020-08-26

“Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 19-25-нд болно 2020-08-26

Л.Оюун-Эрдэнэ Төрийн албанд шинэ салхи орууллаа 2020-08-26

Монгол улс "Нийгмийн халамжийн үйлчилгээг" маргаашаас эхлэн цахимаар хүргэнэ 2020-08-26

Монголын төр Ш.Батхүү нарын 40 сая ам.долларын өрийг төлөөд 16 сар өнгөрлөө 2020-08-26

МИАТ ихэр охидыг эх барьсан эмч нарт ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ 2020-08-27