Германы нийслэл Берлин хотод коронавирусний тархалтыг сааруулахын тулд жагсаал хийхийг хоригложээ
Германы нийслэл Берлин хотод коронавирусний тархалтыг сааруулахын тулд жагсаал хийхийг хориглож, энэ амралтын өдрүүдээр олон мянган цагдааг гудамжнуудад байршуулахаар болжээ. Берлинд саяхан болсон жагсаалын үеэр амны хаалт зүүх, зайнаас харилцах дүрмийг жагсагчид баримтлаагүй байна.
Берлин хотын Дотоод хэргийн асуудал хариуцсан сенатч Андреас Гейзелийн мэдээлснээр, ард иргэдийг халдвар авахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа энэ үед цуглаан хийх эрх чөлөөг харгалзан үзсэний дүнд эрх баригчид жагсаал цуглааныг хориглох шийдвэрийг гаргасан ажээ.
А.Гейзель улс орондоо халдварын үзүүлэлтүүд нэмэгдсээр байгааг онцлон хэлжээ. Германд бүртгэгдсэн халдварын тохиолдол, нас барсан хүний тоо нь Европын бусад томоохон орныхоос харьцангуй бага байгаа боловч өнгөрсөн долоодугаар сарын эхнээс хойш өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо тогтмол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад огцом өссөн байна.
Берлинд энэ сарын 1-нд 20 мянга орчим хүн оролцсон жагсаал болсон бөгөөд А.Гейзелийн хэлснээр, жагсаалыг зохион байгуулагчид амны хаалт зүүх, зайнаас харилцах гэх мэт цагдаа нартай урьдчилан тохиролцсон дүрмүүдээ баримтлаагүй ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.