Мэдээлэл, харилцаа холбооны салбарын төлөөллүүдтэй уулзалт хийлээ
Монгол Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний зөв зохистой хэрэглээг дэмжих мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр өнөөдөр /2020.09.07/ мэдээлэл, харилцаа холбооны салбарын төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Монгол Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлыг мэдээлэл, харилцаа холбооны салбар, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилладагт талархал илэрхийлсэн юм. Тус ажлыг хамтран хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан үр дүнтэй ажил болсныг онцлоод цаашид 150 мянган айлыг орон сууцжуулах төсөл, сайжруулсан түлшийг нэмэгдүүлэх, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах, уурын зуухнуудыг шинэчлэх, цахилгааны тарифыг 0 болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгааг дурдлаа. Монгол Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус ажилд мэдээлэл, харилцаа холбооны салбарыг дэмжин хамтарч ажиллахыг уриалсан.
Агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилтын хүрээнд энэ жил “Зөвлөмжийг дагая, зөв хийе” гэсэн уриалгыг гаргаж, нөлөөллийн аян зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд яндангаа хөөлөх, зуух пийшингийн битүүмжийг шалгах, зөв галлах, агаар сэлгэлтийг хийх, сайжруулсан түлшний хүртээмжийг нэмэгдүүлье гэсэн кампанит ажлууд аравдугаар сарын дуустал хийгдэх юм байна.
Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ утаа бол зөвхөн гэр хороолол, сайжруулсан түлш хэрэглэж буй иргэдийн асуудал биш. Энэ бол иргэн бүрийн асуудал. Иймээс хүйтний улиралд хэн нэгэн хүний амь эрсдэхгүй, хэн нэгэн хүн угаарын хийнд хордохгүйн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд, оператор компаниуд Засгийн газрын хэрэгжүүлж буй энэхүү аяныг дэмжиж, утааг бууруулах чиглэлд хамтарч ажиллахыг уриалав.
Агаарын бохирдолтой холбоотой, түүнийг бууруулах чиглэлд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд байнга мэдээллэх юм байна.
Иргэд яндангаа хөөлдөггүй, зуух пийшингээ битүүмжилдэггүй, буруу галласан, агаар сэлгэлтийг хийдэггүй, яндангийн сойлтыг хийсэн, утаа мэдрэгчийг унтрааснаас үүдэн жилд дунджаар 2500 хүн угаарын хийд хордож, 200 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 15-20 хүн амиа насаа алддаг гэсэн судалгаа байна. Хэрвээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, ард иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлэх, эргээд иргэдийн оролцоог утааг бууруулах чиглэлд бий болговол дээрх тоон үзүүлэлт эрс буурч, угаарын хийн хордлогоор нэг ч хүн амь эрсдэхгүй байх боломжтой гэж харж байгаа ажээ гэж Харилцаа холбоо, мэдээллийн технолгийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.