Сөүлийн бүсийн үйлчилгээний газруудад тогтоосон хязгаарлалтыг сулруулна
БНСУ-ын нийслэл Сөүл хотын бүсэд ирэх хоёр долоо хоногт халдварын тархалттай тэмцэх хязгаарлалтуудыг сулруулах шийдвэр ням гарагт гарсантай холбоотойгоор тус бүсэд оршдог зоогийн газар, сүлжээ кафе болон бусад үйлчилгээний газарт тогтоосон хязгаарлалтын сулруулахаар болжээ.
Хүн ам шигүү оршин суудаг нийслэл хотын бүсэд хатуу хязгаарлалтуудыг тогтоосноор халдварын шинэ тохиолдлын тоо үр дүнтэйгээр буурсан тул ням гарагт дуусах “Level 2.5” хэмээх зайнаас харилцах арга хэмжээг сунгахгүй байх шийдвэрийг гаргажээ. Өнөөдрөөс Сөүлийн бүсэд гурван шатлалт системийн “Level 2” түвшний дүрэм журмуудыг тогтоох ажээ.
"Хэдийгээр зайнаас харилцах удирдамжийг сулруулж байгаа боловч Засгийн газар өндөр эрсдэлтэй газруудад хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ” гэж Эрүүл мэндийн сайд Пак Нюн Хо мэдээлжээ. Тэрбээр хамтын хүчин чармайлтын дүнд Сөүлийн бүсэд халдварын тохиолдлын тоо буурч байгааг тэмдэглэжээ. Гэвч бид эгзэгтэй нөхцөл байдалд хэвээр байгаа бөгөөд халдварын үзүүлэлтүүдийн бууралт нэгдүгээр давлагааны үеийнхээс сул байгаа гэж хэлжээ.
БНСУ өнгөрсөн наймдугаар сарын сүүлээс нийт хүн амын тэн хагас буюу 51.6 сая хүн оршин суудаг Сөүл хот, Гёнги муж, Инчеон хотод зайнаас харилцах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм.
“Level 2.5” арга хэмжээний дагуу зоогийн газарт оройны 21 цаг хүртэл хооллох боломжтойгоос гадна зуушийн газрууд зөвхөн авч явах, хүргэх үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч байжээ. Харин даваа гаргаас тэдгээр газар нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болсон боловч үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлаж, эрүүл ахуйн дүрэм журмыг сайтар мөрдөх шаардлагатай ажээ.
“Level 2” арга хэмжээний дагуу БНСУ-ын иргэд өдөр тутамд хэвшил болсон ажлуудынхаа ихэнхийг хийх боломжтой боловч 100-гаас олон хүн нэг дор гадаа цуглахыг хориглоно. Мөн спортын тэмцээнүүдийг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулж, 50-аас олон хүн дотор цугларч болохгүй ажээ. Үүнээс гадна караоке, клуб, буфет зэрэг “өндөр эрсдэлтэй” газрууд хаалттай хэвээр байна.
БНСУ-д өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо олон сарын турш 100-гаас доош үзүүлэлттэй байсан боловч наймдугаар сарын 14-нөөс хойш гурван оронтой тоогоор нэмэгдэж эхэлсний дийлэнх нь сүм болон улс төрийн жагсаалтай холбоотой хүмүүс байжээ. Харин халдварын шинэ тохиолдлын тоо ням гарагт 11 дэх өдрөө дараалан 200-гаас доош хэмжээнд хүрчээ.
БНСУ-д өнөөдрийн байдлаар 22285 хүн халдвар авснаас 18489 хүн эдгэрч, 363 хүн нас баржээ. Тус улсад нэгдүгээр сарын 3-наас хойш 2.1 сая гаруй хүнд шинжилгээ хийсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.