БНАСАУ-ын удирдагч Умард Хванхэ мужийн бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ

БНАСАУ-ын удирдагч Умард Хванхэ мужийн бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Умард Хванхэ мужийн Кумчон тойргийн Канбук-ри тосгонд очиж, сэргээх босгох ажилтай биечлэн танилцлаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлэв.

Ким Жөн Ун “фермийн аж ахуйн үлгэр жишээ тосгоныг богино хугацаанд бий болгосон байна” хэмээн цэргүүдийн хийж гүйцэтгэсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

“KCNA” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун аадар бороо, хүчтэй салхинд нэрвэгдсэн тосгон дахь хуучны, сүйдсэн бүх барилгыг нурааж, шинээр барихыг үүрэг болгосон ажээ. БНАСАУ-ын зарим нутаг наймдугаар сарын сүүлээр хүчтэй хар салхинд нэрвэгдсэн юм.

“Хөдөө орон нутгийн хөгжлийг түргэсгэхийн тулд бүтээн байгуулалтын илүү бодитой, төлөвлөгөөтэй, урт хугацааны зорилтыг бий болгож, төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх нэн чухал байна” гэж Ким Жөн Ун шалгалт хийх үеэрээ мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн баасан гарагт мөн Умард Хванхэ мужийн үерт нэрвэгдсэн Унфа тойрогт хийж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.