Өвөр Монгол ахан дүүсээ дэмжиж Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууд дуу хоолойгоо нэгтгэж байна!
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд төрөлх хэлээ үзэж судлах эрхийг хаан боогдуулж буй үйл явдлыг эсэргүүцэж өнөөдөр БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Эсэргүүцлээ илэрхийлэх хэвлэлийн бага хурал нь БНСУ-ын нийслэл Соүль хотын “Жүнгү” дүүрэгт байрлах БНХАУ-ын элчин сайдын яамны өмнөх талбайд зохион байгуулагдсан юм.
Өвөр Монгол ахан дүүсийнхээ тэмцлийг дэмжиж дэлхийн өнцөг булан бүрд суугаа Монгол үндэстэн, Монгол улсын иргэд жагсаал цуглаануудыг зохион байгуулсаар байгаа билээ.
БНСУ-д хамгийн олон Монгол улсын иргэд ажиллаж амьдардаг бөгөөд эдгээр иргэдийн төлөөлөл болсон Харчин овогт Ө.Өнөржаргал гэгч залуу БНХАУ-ын элчин сайдын яамны гаднах талбайд НЭГ хүний эсэргүүцлийн суулт хийж эхэлсэн юм.
Энэхүү үйл явдлыг дэмжиж Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Олнодо.ком” сайтын хамт олон маань уриалга гарган хамтран ажилладаг бусад аж ахуй нэгж байгууллага, уншигч үзэгчдийнхээ хамтаар энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж оролцлоо.
Мөн энэхүү арга хэмжээг БНСУ-ын "Азийн залуучуудын холбоо" ТББ, "Залуу өмгөөлөгчдийн холбоо" ТББ гэх мэт байгууллагууд дэмжин оролцож Азийн олон орны залуус Монголчуудтай нэгдэж дуу хоолойгоо хүргэсэн юм.
Зохион байгуулагчдын уриалгыг дэмжин “БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Монгол, Солонгос хэл бичиг соёлын төв” ТББ, “Судлаачид хөгжлийн гарц” ТББ, “Олнодо” Карго, “Е9 Пэй” ОУ-ын Мөнгөн гуйвуулгын компани зэрэг БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй олон Монгол байгууллагын төлөөлөл ирж оролцлоо.
БНХАУ-ын хэрэгжүүлж буй Монгол хэл бичиг, соёлын эсрэг энэхүү гэмт үйлдлийг дэлхийн нийтэд зарлан таниулах зорилго бүхий энэхүү хэвлэлийн бага хурлыг сурвалжлахаар дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна тус улс дахь “Гадаад сэтгүүлчдийн холбоо”-ны гишүүн олон орны сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байв.
Мөн манай сайтын хамт олон энэхүү арга хэмжээг газар дээрээс нь Шууд дамжуулалт хийн үзэгч уншигч та бүхнийхээ сонорт хүргэн ажиллаа.
Лайв бичлэг дахин үзэх :
Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт "Олнодо.ком"
Холбоо барих : 010-5314-4108, 8900-7440
Email : olnodo@gmail.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.