Шёодай албан ёсоор озэки цолоо хүлээн авлаа
Японы сүмо бөхийн холбоо өнөөдөр өглөө хуралдаж, Намрын тэмцээнд түрүүлсэн сэкивакэ Шёодайд озэки цол олгох шийдвэр гаргалаа. Токицүказэ дэвжээнээс Юкатаямагаас хойш 57 жилийн дараа, Күмамото мужаас Точихикаригаас хойш 58 жилийн дараа озэки төрж байгаа нь энэ юм.
Сүмо бөхийн холбооноос Кагамияма, Тачикава ояката нарыг тусгай элч болгон, Токицүказэ дэвжээнд илгээж, холбооны шийдвэрийг дамжууллаа. Шёодай “Хүлээн авахдаа баяртай байна. Озэки хэмээх цолын нэрийг унагаахгүй, тууштай чин сэтгэлээр хичээн зүтгэх болно” гэж шинэ цолоо хүлээн авсан юм.
Шёодай Токиогийн ХАА их сургуульд байхдаа Оюутны ёкозүна болж, 2014 оны Хаврын тэмцээнд анх мэргэжлийн сүмод барилдсан. 2016 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшсэн. Нэг жилийн дараа сэкивакэ болсон ч гурван жил зарцуулж байж, озэки болж байгаа юм.
Озэки болсон бөх нэрээ өөрчилдөг уламжлалтай ч Шёодай нэрээ солихгүй гэдгээ мэдэгдсэн. Важима, Китао, Дэжима, Такаясү нар мөн жинхэнэ нэрээрээ озэки болж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.