ОХУ-д нэг өдөрт илэрсэн тохиолдлын тоо арван мянга давжээ
ОХУ-д “Covid-19”-н өдөрт илэрсэн тохиолдлын тоо тавдугаар сараас хойш анх удаа 10 мянгыг давсан тухай Коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Халдварын улмаас нэг өдөрт 107 хүн нас баржээ. Тус улсад халдварын нийт 10499 тохиолдол бүртгэгдсэнээс 3327 нь Москва хотоос илэрсэн байна.
“Нийслэл хотод нэг өдрийн дотор 3327 тохиолдол шинээр илэрсэн бол 884 өвчтөн эмнэлэгт хүргэгдсэн. Хотод нийт 247 хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ" хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
“Эмнэлгүүд нэлээд ачаалалтай байгааг бид харж байгаа. Нөхцөл байдал зарим талаараа тогтворжсон хэдий ч нэг өдрийн дотор эмнэлэгт хүргэгдэх хүний тоо аажмаар нэг мянга руу дөхөж байна. Тэдний дунд хүнд өвчтөнүүд олон байна” хэмээн Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна.
Намрын эхний сард халдвар авсан хүний тоо 990 мянгаас 215 мянгаар нэмэгдэж, 8 дугаар сарын 30-ны байдлаар 990 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар 1 205 001-д хүрсэн байна.
Москва алсын зайн ажлын горим руу эргэн орно
Москва аравдугаар сарын 5-наас эхлэн ажилтнуудынхаа 30 орчим хувийг алсын зайн ажлын горим руу шилжүүлнэ. Коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан ийм алхам авна гэдгээ хотын дарга мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Москва хотын дарга Собянин офис болон үйлдвэрүүдэд үүргээ гүйцэтгэдэг ажилтнуудынхаа тоог ажил олгогчид багасгахыг зөвлөсөн захирамж гаргасан байна.
Улсын хэмжээнд хорион цээрийн арга хэмжээ авахад арай эрт байна гэж ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. “Covid-19”-тэй тэмцэх дэглэмийг чангатгах тухай мэдэгдэл хийхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн татгалзсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.