Японы эрх баригчид гадаадын дадлагажигчдад виз олгох нөхцөлийг чангатгана

Японы эрх баригчид гадаадын дадлагажигчдад виз олгох нөхцөлийг чангатгана

Японы Засгийн газар технологийн нууцууд нь гадагш алдагдаж буйг илүү үр дүнтэй таслан зогсоох зорилгоор гадаадын дадлагажигч, судлаачдад виз олгох нөхцөлийг чангатгахаар төлөвлөж байна гэж “Yomiuri” сонинд албан ёсны байгууллагуудын эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, дадлагажигч эсвэл эрдэмтэн нэрийн дор Японы судалгааны бүтцэд нэвтрэхийг оролдож болзошгүй сэжигтэй хүмүүсийн мэдээллийн санг 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд бий болгохоор төлөвлөсөн байна. Энэхүү мэдээллийн санг тусгай алба, Батлан ​​хамгаалах болон Гадаад хэргийн яам, бусад газрууд хамтран байгуулах бөгөөд Гадаад хэргийн яам виз олгох шалгалтыг чангатгахын тулд ирэх санхүүгийн жилд 220 сая иений (2 сая гаруй ам.доллар) санхүүжилт олгохыг хүсжээ.

Визийн шинэ журам тогтоож байгаа нь нууцыг хамгаалах тогтолцоонд нь цоорхой гарсан тохиолдолд АНУ болон Барууны зарим орнууд шинэ технологийн чиглэлээр Японтой хамтарсан судалгаагаа хумиж магадгүй гэж болгоомжилж байгаатай ихээхэн холбоотой гэж “Yomiuri” сонинд мэдээлсэн байна. АНУ-ын цэргийн бүтцэд иргэний харьяаллаа нуусан, тус улсын их дээд сургуулийн судлаачийн статусыг хууль бусаар олж авсан гэх БНХАУ-ын дөрвөн иргэнийг өнгөрсөн долдугаар сард баривчилжээ. “Yomiuri” сонинд мэдээлснээр, АНУ-д гадаадын дадлагажигч, судлаачдын виз олгохыг хүссэн мэдүүлгээс татгалзсан тоо нэмэгдсээр байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.