БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт энэ жил болохгүй

БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт энэ жил болохгүй

 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын гурван талын зөвлөгөөн энэ жил урьд нь төлөвлөсний дагуу болохгүй гэж “Kyodo” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, гурван улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Токио, Сөүлийн хоорондох зөрчилдөөн саад болж байгаа аж.

Гурван талын ийм уулзалтыг эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн бусад асуудлыг хэлэлцэх зорилгоор 2008 оноос хойш жил бүр хийж байгаа юм. Энэ жилийн уулзалт Сөүл хотод болох ёстой байсан боловч Дэлхийн II дайны үед Японы үйлдвэрүүдэд солонгос ажилтнуудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байсантай холбоотой асуудлаарх байр сууриа Сөүл өөрчлөөгүй цагт уулзалтад оролцохгүй гэдгээ Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Өмнөд Солонгосын талд мэдэгджээ.

2018 онд БНСУ-ын шүүхээс Японы төмөрлөг боловсруулах томоохон корпорац болох “Nippon Steel”-д эдгээр ажилтнуудын үр хүүхдүүдэд нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон байна. Харин тус компани Засгийн газрынхаа зөвлөсний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж, улмаар Өмнөд Солонгос дахь хөрөнгөө хураалгажээ. Японы эрх баригчид үүнийг 1965 онд Сөүл Токиотой дипломат харилцаа тогтоохдоо Солонгос дахь Японы колоничлолын дэглэмтэй холбоотой бүхий л материаллаг нэхэмжлэлээс татгалзана гэж заасан хоёр талын хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байгаа аж. Нэхэмжлэл гарахаас татгалзсаны хариуд Японы Засгийн газар Өмнөд Солонгост хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүгийн томоохон тусламж үзүүлжээ.

Ерөнхий сайд Сүга “Nippon Steel” корпорацын хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахгүй байх баталгаа олгохыг шаардсан байна. Тэрбээр энэ болзлыг хангасан тохиолдолд л гурван талын уулзалтад оролцохыг зөвшөөрнө гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.