Д.Медведев: ОХУ, Монгол Улс төрийн болон намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий
ОХУ болон Монгол Улсын хамтын ажиллагаа янз бүрийн салбарт хөгжиж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааг төрийн төдийгүй намууд хоорондын шугамаар идэвхжүүлэх боломж бий гэж ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын дарга, тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев намууд хоорондын “ШХАБ+” форумын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй цахим уулзалт хийхдээ мэдэгджээ.
"Аюулгүй байдлын зөвлөлүүд, Гадаад хэрэг, Батлан хамгаалах, Дотоод хэргийн яамд болон тусгай албадын шугамаар, мөн мэдээж хэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан хийж байгаа Орос, Монголын хамтын ажиллагаанд бид сэтгэл хангалуун байна" гэж Медведев хэлсэн байна.
Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод байгуулсан Монгол, Оросын найрсаг харилцааны тухай гэрээг соёрхон баталсан батламж жуух бичгийг саяхан солилцож, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг сануулав. “Хоёр улсын хамтын ажиллагааг бид төрийн төдийгүй намууд хоорондын шугамаар өргөжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж Медведев нэмж дурджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа цар тахлыг үл харгалзан бүх түвшинд хөгжиж байгааг цохон тэмдэглэсэн байна. “Хоёр улсын стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд гүнзгий хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Олон улсын намууд хоорондын "ШХАБ+" форумын өмнө уулзалт хийж байгаа нь та бүхэнтэй хэлэлцэж ярилцсан гэрээнүүд хэрэгжиж байгааг дахин нотолж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Түүний үзэж буйгаар, намууд хоорондын харилцаа мөн амжилттай хөгжиж байна. "Бидэнд чухал асуудлуудыг хэлэлцэх боломж гарч байгаад баяртай байна" гэж тэрбээр хэлжээ.
"ШХАБ+" форум
Олон улсын намууд хоорондын "ШХАБ+" форум 10 дугаар сарын 22-23-ны хооронд болно. "Хүмүүст зориулсан эдийн засаг" сэдвээр зохион байгуулах уг форумыг "Нэгдмэл Орос" намын платформ дээр явуулах юм.
Янз бүрийн орнуудын улс төрийн намуудын дарга нар оролцох энэхүү форумын үеэр коронавирусний цар тахлаас үүдэлтэй нийгэм-эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээ, аюултай халдварт өвчнүүдтэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэх боломж, түүнчлэн хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс ногоон болон дижитал технологийг хөгжүүлэх талаар ярилцана.
Форумын үеэр мөн намууд хоорондын олон улсын шинжээчдийн бүлгийг анх удаа байгуулах гэж байна. Өмнө нь Медведевийн мэдээлж байснаар, шинжээчдийн энэхүү бүлэг нь байнгын үйл ажиллагаатай байх бөгөөд гол үүрэг нь зөвхөн ШХАБ-д төдийгүй дэлхий дахинд тулгарч буй "хамгийн чухал сорилтуудыг судлах" явдал юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.