Чех иргэдээ шөнийн цагаар гадагш гарахыг хориглолоо

Чех иргэдээ шөнийн цагаар гадагш гарахыг хориглолоо

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар хамгийн олон бүртгэгдсэн орнуудын мэдээллээс хүргэе.

Францад хоногт 26771 хүн өвчилж, нийт халдварын тоо 1 165 278 болжээ. Тус улсад COVID-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 35 мянга давсан байна.

Тэгвэл Бразилд хоногт 15726 хүн өвчилж, нийт тохиолдлын тоо 5 409 854 болжээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 17347 хүн коронавирусний халдвараар өвчилж, 219 хүн нас барсан байна. Орост нийт нас баралт 26269 болсон бол халдварын тоо 1 503 652 болжээ.

БНСУ-д хоногт 88 хүн өвчилж, гурван хүн нас барж, нийт халдварын тоо 26043-д хүрлээ. Шинээр илэрсэн 88 тохиолдлын 16 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 23981 иргэн эдгэрсэн бол 460 иргэн нас баржээ.

Чехийн Засгийн газар энэ сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг шөнийн 21:00-05:00 цаг хүртэл хориглох шийдвэр гаргажээ. Тус улсын коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж байгаа хязгаарлалтын арга хэмжээ үр дүнгүй байгаа тул ийнхүү иргэдийг шөнийн цагаар явуулахгүй байх шийдвэрт хүрсэн байна.

ДЭМБ Европын орнуудад хандан “COVID-19”-ийн халдварын эсрэг тэмцлээ чангаруулахыг уриалсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.