Саран дээр усны шинэ эх үүсвэр илрүүлжээ

Саран дээр усны шинэ эх үүсвэр илрүүлжээ

АНУ, Германы хамтарсан одон орон судлалын “SOFIA” төв сарны дэлхий рүү харсан буюу өмнөд тал дахь Клавий тогоонд олон тооны усны хуримтлал илрүүлжээ. “Nature Astronomy” сэтгүүлд мэдээлснээр, усны нөөц нийт 40 мянган км кв. талбайг хамарчээ. НАСА агентлагийн мэдээллээр, эл тогооны нэг метр куб хөрсөнд 0.3 литр ус агуулагдаж байгаа аж. Өмнө нь сарны хойд талд буюу харанхуй талд ус байж болзошгүй гэж үздэг байжээ. Удаан хугацаанд одон орон судлаачид сарны хэвлий болон гадаргууд ус хуримтлах нөхцөл саран дээр байдаггүй гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд дэлхийн дагуул агаар мандал байдаггүй мөн таталцах хүч сул тул ус шингэн эсвэл хийн төлөвт байх учиргүй гэж үзэж байв. Харин мөс нарны үйлчлэлийн улмаас ууршдаг гэж үздэг байжээ. Гэтэл энэ онол алдаатай болж таарчээ.

Өдгөө эрдэмтэд энэ ус хаанаас гарч ирснийг тодруулж, эл нөөц саран дээр бааз байгуулахад ашиглах боломжтой эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Үүний хариултыг 2022 онд НАСА агентлагийн сар руу хөөргөхөөр зэхэж буй “L-CIRiS” сансрын хөлгийн тусламжтай олно гэж эрдэмтэд найдаж байна. Төлөвлөгөө ёсоор тус хөлөг саран дээр бууж, усны молекулаас гарах дохиог илрүүлэх юм.

Саран дээр ус буйг баталсан энэ баримт НАСА агентлагийн сарны бааз байгуулах хөтөлбөрт нэмэлт түлхэц өгнө гэж Их Британийн Нээлттэй их сургуулийн одон орон судлаач Ханна Саржент онцолжээ. Хэдийгээр усны ул мөрийг үүнээс ч өмнө илрүүлж байсан ч энэхүү нээлт усны нөөц таамаглаж байснаас ч их хэмжээтэй гэж үзэх найдвар төрүүлж байна. Сарны баазын байрлал усны нөөцийн байрлалаас ихээхэн хамаарах юм гэж Саржент тодруулсан байна.

НАСА агентлаг 2024 онд эрэгтэй, эмэгтэй хүнийг сар руу илгээнэ гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь 2030-аад онд Ангараг гараг руу хүн илгээх зорилтод хүрэх бэлтгэл болох юм. Саржентын хэлснээр, дэлхийгээс пуужингийн түлш зөөвөрлөхөөс саран дээр үйлдвэрлэх нь өртөг бага. Тиймээс ирээдүйд дэлхий руу буцах эсвэл бусад гарагс руу нисэхэд сансрын хөлгийг цэнэглэхэд шаардлагатай устөрөгч, хүчилтөрөгчийг уснаас гаргаж авах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.