Улсын начин Н.Мустафа өнгөрсөн сард байрныхаа түлхүүрийг авчээ

Улсын начин Н.Мустафа өнгөрсөн сард байрныхаа түлхүүрийг авчээ

Баян-Өлгий аймгаас төрөн гарсан Улсын начин цолтой бөхчүүдийг хоёр өрөө байраар мялаах журмыг аймгийн ИТХ-аас 2016 онд баталжээ. Тодруулбал, "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-ын дагуу Б.Баатарцол, Б.Серик, Н.Мустафа нарын начин цолыг тус бүр хоёр өрөө байраар мялаажээ.

Улсын начин Батчулууны Баатарцолын хувьд Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа төрөн гарсан начин юм. Тэрээр 2016 он буюу Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор улсын харцага Ө.Даваабаатараар тав давж улсын начин цолны болзол хангаж байжээ.

Батчулууны Баатарцолын цолны мялаалга наадамыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг Даргын Тамгын газраас төсөв гарган хийж, хоёр өрөө байраар мялаасан байна.

Үүний дараа Б.Серик 2017 он,  Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор улсын баяр наадмаар улсын начин цол авч байсан юм. Мөн л аймгийн удирдлагууд шинэ цолтноо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14-р хорооллын "Сувдан сондор" хотхонд байрлалтай  2 өрөө байраар мялааж байжээ.

Тэгвэл энэ жил Баян-Өлгий аймгаас бас нэгэн улсын начин төрсөн нь Н.Мустафа юм. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” компанийн бөх билээ. Аймгийн удирдлагууд түүний цолны найрыг энэ оны есдүгээр сарын 5-ны өдөр хийж, хоёр өрөө байраар мялаасан. Энэ үеэр “Өлгий хүчтэн” бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, бизнес эрхлэгч Ж.Нурбек хувиасаа Land cruiser-200 машин бэлэглэж байв.

Өчигдөр /2020.10.26/ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу https://www.tender.gov.mn сайтад Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох тендерийн зар ороод, өнөөдөр устсан байна. Өөрөөр хэлбэл улсын начин Н.Мустафа нь есдүгээр сарын 5-нд байрныхаа түлхүүрийг гардан авчээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.