БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа
БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНСУ-аас экспортлогдон орж ирж буй автомашинтай холбогдолтой асуудлыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хөндөж тухайн автомашины Солонгос дахь түүхийг Монгол Улсын импортын мэдээллийн системтэй холбох, БНСУ-ын Хэрэглэгчийн агентлагтай ШӨХТГ хамтран ажиллах санамж бичиг байгуулах, хоёр орны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэгт хамтран ажиллах тухайд санал солилцсон юм.
Элчин сайд Ли Ё Хун Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж хоёр улсын хооронд жилд 220 мянган иргэд зорчдог болсон нь бидний нөхөрлөл хэрхэн бэхэжсэнийг илтгэж байгаа хэрэг гэдгийг онцолсон юм. Иймд бидний тавьсан саналыг талархан хүлээн авч дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсаас Солонгос улсад эмчлүүлж буй иргэд, бизнес эрхлэгчид, сурч боловсорч, ажиллаж байгаа иргэн бүр Солонгос улсын хувьд эрхэм хэрэглэгч байдаг тул тэдний эрхийг хамгаалах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг цохон тэмдэглэв. Хоёр тал өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгож дараагийн шатанд авчрах тал дээр санал нэгдлээ.
Уулзалтын хоёр дахь хэсэг болох Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай, аж ахуй эрхлэгчдэд танилцуулж, тус хуулийн төсөлд тусгах санал болон Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлын талаар тэдний санал бодлыг сонслоо.
Уг арга хэмжээг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуй эрхлэгчдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж, нэг уулзаад орхих биш өрсөлдөөн, хэрэглэгчийн тал дээр хөндөгдсөн асуудал бүрт ШӨХТГ анхаарал хандуулан ажиллах болно гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.