Монгол-Оросын соёлын өдрүүдийг өргөн хүрээнд тэмдэглэлээ
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг энэ сарын 29-31-ний өдрүүдэд Дундговь аймагт өргөн хүрээнд тэмдэглэж, “Орос хэл, соёлын баяр” бүсийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус баярын үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, Монгол- Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Соёлын хэлтсийн дарга Д.Намхай, Г.В. Плехановын нэрэмжит СЭДС-ийн салбар сургуулийн орос хэлний багш Сергей Зандаков нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, Өвөрхангай, Говьсүмбэр, Өмнөговь, Төв, Дундговь аймгийн орос хэлний багш нар, сургуулийн сурагчид оролцжээ.
Энэхүү баярын үйл ажиллагааны хүрээнд зочид төлөөлөгчид аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон сургуулиудын удирдлага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, “Говийн ирээдүй” сургуулийн “Орос хэлний төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Ялалтын 75 жилийн ой”-н үзэсгэлэнг үзэж сонирхсон ба энэ үеэр Монгол, Оросын уран бүтээлчид хамтарсан тоглолтоо толилуулсан юм.
Харин хоёр дахь өдөр “Орос хэл, соёлын баяр” бүсийн үйл ажиллагааны нээлт болж, Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уртын дууны дугуйлангийн сурагчид болон зургадугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд ая дуугаа өргөж хүндэтгэл үзүүлжээ.
Энэ өдөр таван аймгийн багш, сурагчдын дунд Шилдэг багш, сурагчдыг тодруулах олимпиад, “Оросоор хэн сайн дуулж, шүлэг унших вэ” уралдаан зохион байгуулан, орос хэлний багш нарт сургалт хийж, Эрдмийн далай цогцолбор сургууль дээр байгуулсан Орос хэлний төвийн нээлт болсон юм.
Мөн энэ өдөр Орост сургууль төгсөгчдийн холбооны 20 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.
"Орос дууг хэн сайн дуулах вэ" уралдаанд Дундговь аймгийн сурагчид тэргүүлсэн бол шүлгийн уралдаанд Өвөрхангайнхан шалгарчээ. Тус уралдаанд оролцсон бүх сурагчид дуу, шүлгээ бүрэн бүтэн уншиж, бүх бадгийг нь дуулахыг эрмэлзэж оролцсон бөгөөд энэ нь том амжилт юм гэдгийг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, Монгол- Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим шагнал гардуулах үеэр онцолж байсан.
Багш нарын олимпиадад амжилттай оролцсон таван багшийг “Шилдэг багш”-аар шалгаруулж, 2021-2022 онд ОХУ-д тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагналаа.
Харин сурагчдын олимпиадад 100 гаруй хүүхэд оролцож, их гүрний агуу хэлний мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс төгсөх ангийн есөн хүүхдийг шалгаруулж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнасан юм.
Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев шагнал гардуулах үеэр оролцогчдын мэдлэг чадвар өндөр байсныг онцлоод "Шалгаруулалт явуулахад хүндхэн байлаа. Эдгээр шилдгүүдийн дунд ирээдүйн ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүд зогсож байхыг үгүйсгэхгүй, энэ сурагчид өөрсдийнхөө хүссэн мэргэжлээр манай улсад суралцаж, мэргэжилтэй боловсон хүчин болж төгсөнө. Монголын ирээдүйн хөгжлийг авч явах шилдгүүд болно.
Энэхүү эрхийн бичиг бол 60,0 сая орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг бөгөөд, энэ сурагчид энэхүү гэрчилгээг гардаж авснаараа аль хэдийн ОХУ-ын их, дээд сургуулийн оюутнууд болцгоолоо. Бид зургаан хүүхдийг л шагнах төлөвлөгөөтэй байсан хэдий ч ярилцаад есөн хүүхдийг ийнхүү шагналаа” гэсэн юм.
ОХУ-д суралцах эрхээр шагнуулсан есөн сурагчийн дөрөв нь, багш нарын нэг нь Өвөрхангай аймгаас шалгарсан ба дуу, шүлгийн уралдаанд ч мөн тус аймгийн хүүхдүүд онцгой чадвартайгаа харуулж чаджээ.
Дундговь аймагт зохион байгуулсан “Орос хэл, соёлын баяр”-ын үйл ажиллагааг аймагтаа зохион байгуулахад ЗДТГ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тус аймаг дахь салбар, Орост сургууль төгсөгчдийн аймгийн холбоо, БСУГ, Эрдмийн далай цогцолбор сургууль, Төв халхын дуулалт жүжгийн театр, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр зэрэг олон байгууллага хамтран ажиллажээ.
ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/241397
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.