Хунтайж Уиллиам дөрөвдүгээр сард халдвар авчээ
Кембрижийн гүн энэ оны эхээр коронавирусний халдвар авсан гэж ордны эх сурвалжууд “BBC” сувагт мэдээлжээ. Түүнийг дөрөвдүгээр сард буюу Уэльсийн хунтайж эцэгтэйгээ ойролцоо үед халдвар авсан гэж үзэж байна.
Энэ талаар анх нийтэлсэн “Sun” сонинд мэдээлснээр, өдгөө 38 настай хунтайж Уиллиам олон нийтийг сандаргахаас сэргийлэхийн тулд оношоо нууцалжээ. Харин Кенсингтон ордон энэ тухай албан ёсны хариулт өгөхөөс татгалзжээ.
Хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй хунтайж Уиллиам “тухайн үед олон чухал үйл явдал болж байсан тул хэний ч санааг зовоохыг хүсээгүй” гэж “Sun” сонинд мэдээлсэн байна.
Мөн хунтайж ордны эмч нараар эмчлүүлж, Засгийн газрын удирдамжийн дагуу Норфолк гүнлэг дэх гэртээ тусгаарлагдсан гэж сонины мэдээнд тэмдэглэжээ.
Өдгөө 71 настай хунтайж Чарльз энэ оны гуравдугаар сард коронавирусээр халдварлаж, хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул Шотландад долоон хоног өөрийгөө тусгаарласан юм.
Мөн дөрөвдүгээр сард Их Британийн Ерөнхий сайд халдвар авсныхаа дараа эмнэлэгт хүргэгдсэн. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн тэрбээр сүүлд амь насыг нь аварсан эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлсэн билээ.
Их Британид халдварын тохиолдлын тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 21915-аар нэмэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо нэг сая /1011660/ давжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.