Э.Оюунболдын барилдах эрх сэргэсэн ч улсын аварга цолыг нь хураах шийдвэр гарлаа
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал дээд шүүхэд өнөөдөр болж, аварга цолыг нь хураах, түүнд унасан бөхчүүдэд улсын цол, чимэг олгохоор болжээ.
Мөн барилдах эрхийг нь хоёр жилээс хасах саналыг хүчингүй болгосон байна.
Эргэн сануулахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, түүнд олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны долоодугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж байсан билээ.
Ийнхүү түүний цолыг хураах эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шийгдэнэ.
2018 оны улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Э.Оюунболдод таваас дээш даваанд өвдөг шороодсон бөхчүүд.
Тавын даваа аймгийн арслан Н.Мустафа (Энэ жилийн наадамд улсын начин цол хүртсэн)
Зургаагийн даваа улсын начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Б.Цэдэнсодном
Долоогийн даваа улсын харцага цолны болзол хангаад байсан улсын начин Д.Анар
Наймын даваа улсын арслан Ц.Содномдорж
Есийн даваа улсын аварга Н.Батсуурь.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарвал Н.Батсуурь даян аварга, улсын арслан Ц.Содномдорж чимэг нэмж, Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, Н.Мустафа өсөх идэр начин болох юм.
ЭХ СУРВАЛЖ: http://www.mnb.mn/i/221267
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.