Д.Тогтохсүрэн: Хариуцлага ижил тэгш байх ёстой.

Д.Тогтохсүрэн: Хариуцлага ижил тэгш байх ёстой.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдааны дараа мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-УИХ-ын гишүүд ТББ-аар дамжуулан маш их хэмжээний мөнгө авч байна. Энэ асуудалд тайлбар өгөөч? 

-Их хурлын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөгийг зарцуулах эрхтэй. УИХ-ын гишүүдийн төсөв гэдэгт УИХ-ын гишүүний цалин, урсгал зардал, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардал, хуулийн төслийн зардлуудаас бүрддэг. Энэ нь биднээс өмнө бий болгосон санхүүгийн журамтай юм билээ. Заавал ТББ-аар дамжуулна гэсэн журамтай. Шатахууны мөнгө авах байлаа ч гэсэн ТББ-аар дамжуулж авна. Тойрогтоо ажиллах зардлыг ч гэсэн ТББ-аар дамжуулж авдаг сонин журамтай юм билээ. Түүний дагуу л гишүүд зардлаа авч байгаа. Хязгаартай байдаг,  4.9 сая төгрөгөөс доош авах ёстой гэдэг.

-Энэ олон жилийн хугацаанд яагаад энэ тоог нууж байгаа юм бэ?

-Нуун далдалдаг зүйл байхгүй. Бид нараас баахан тайлан авдаг. Тойрогт ажилласан, шатахууны зардлаас эхлээд томилолтын зардал гээд бүгдийнх нь тайланг өгдөг. Нуух зүйлгүй бүгд санхүүгийн зарчмаараа явж байгаа гэж бодож байна.

-Өмнө нь зарим гишүүн авдаггүй байсан юм биш үү?

-Энэ талаар би мэдэхгүй. Би нар өөрсдийнхөө хүрээнд л мэднэ.

-Төрийн өмчийн компанийн захирлууд хүүхдийнхөө төлбөрийг төлүүлсэн, улсын мөнгийг хувьдаа зарцуулсан нь баримтаар нотлогдсон тэдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй юм уу. Эгүүлэн төлчихлөө гээд л тэднийг зүгээр өнгөрөөх нь хэр зохистой юм бэ?

-Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Төлсөн байлаа ч гэсэн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар хариуцлага тооцно гэж бодож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.