Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.05) нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, санал хураалгаагүй үлдээсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсэг “тогтоолын төслийн 2 дахь хэсэгт “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх” гэсэн заалт шинээр нэмэх” гэж өөрчлөх санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны хуралдааны эцсийн хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ч.Ундрам, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Тогтоолын төслийн 2 дахь заалтад “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх.” агуулга бүхий дэд заалт шинээр нэмэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томъёоллыг хуралдаанд оролцсон 55 гишүүний 33 нь 60 хувийн саналаар дэмжив.
Монгол Улс 1921 оноос хойших 70 жилийн хугацаанд үйлдвэрлэгч орон болсноо 1990 оноос хойш уул уурхайн түүхий эд экспортолдог, үйлдвэрүүдээ дампууруулж, импортлогч орон бол өөрчлөгдсөн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Энэ өөрчлөлтийг засах шаардлагатай. Үүний тулд Улсын Их Хурал Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог байгуулсан. Энэ хүрээнд бодлого ярьж, ажлаа ярилцах хэрэгтэй” гээд төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 68.1 хувь нь дэмжин “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.