Төсвийн хүрээний мэдэгдлийн зарчмын зөрүүтэй саналыг дэмжив
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг танилцуулав. Тухайлбал, Ажлын багаас төслийн 1 дүгээр зүйлд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,498.5 тэрбум төгрөг гэснийг 3,540.7 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 2021 онд 8.3 гэснийг 8.4 гэж, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1,390.3 тэрбум төгрөг гэснийг 1,363.8 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 3.3 гэснийг 3.2 хувь гэж тус тус өөрчлөх санал гаргасныг дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил нарын гишүүн асуулт асууж хариулт авснаар дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.