Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.05) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2 дахь заалтад заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, С.Амарсайхан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, төсөл санаачлагчаас хариулт, тайлбар авч, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж заасан.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна." гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсаныг Улсын Их Хурал 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.8, 88.9 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно." гэж; Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж тус тус өөрчилсөнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авав. Төслийн зохицуулалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ нь Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээтэй адилхан болж, өргөжиж байгаа гэдэг тайлбарыг С.Бямбацогт гишүүн өглөө. Ийнхүү гишүүд асуулт асууж, төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.