МҮЭХ-ноос Шалган бүртгэх товчоодод үзлэг хийж эхэллээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ шалган бүртгэх товчоодод Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай /МХЕГ/ хамтран хамтран үзлэг хийж эхэллээ.
Баянзүрх, Яармаг, Баруунтуруун, Эмээлтийн шалган бүртгэх товчоодод хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай зүйлсээр хангагдаж байгаа эсэх болон ажлын нөхцөл байдалд хамтарсан үзлэг хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилготой юм.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МХЕГ-ын Нийгмийн хамгааллын улсын байцаагч П.Хорлоо нарын баг “Өлзийт” 1, 2 дугаар пост, Морингийн давааны товчоодод өнөөдөр ажиллажээ. “Өлзийт-1” товчоонд НМХГ, Онцгой байдал, Мал эмнэлэг, Өрхийн эмнэлэг, Хүрээлэн буй орчны агаарын чанарын газар зэрэг байгууллагуудын 10 гаруй ажилтнууд үүрэг гүйцэтгэж байна.
Ажилтнууд 24/48 цагаар ажиллаж байгаа ба зарим байгууллагын хоолны мөнгө бага, маск, ажлын хувцас олголт хангалтгүй гэдгийг хэлж байлаа. Тэд өдрийн хоолны мөнгөө нийлүүлж ажлын байрандаа хийж идэж байгаа гэжээ. Мөн ажлын байрны багтаамж бага, ариутгал цэвэрлэгээ хийх нөхцөл боломж тааруу байгаагаа ч нуусангүй.
Үзлэгийн дүнг илтгэх хуудсаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд танилцуулж, ээлжийн цагийн хуваарь, хоол цай, хөдөлмөр хамгаалал зэрэг асуудлаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулах юм.
Үзлэгийн нэг багийг МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа ахлан МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй Баруун туруун, 61-ын гарамын шалган бүртгэх товчоодод үзлэг хийлээ. Эдгээр товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч-1, Сонгино хайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсээс-2, Хүрээлэн буй орчны хяналт-3, Нийслэлийн мал эмнэлгийн газар-1, Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв-2 зэрэг нийт 9 алба хаагч жижүүрлэн, өөрсдийн ажил үүргийн чиглэлээр ажиллаж байна.
Онцгой байдал, хүрээлэн буй орчны алба хаагчид 24-48, бусад алба хаагчид 24-72 гэсэн цагийн зохицуулалтаар ажиллаж байгаа ба хоногт ойролцоогоор 700 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа аж. Алба хаагч нар гадаа хүйтэн нөхцөлд ажиллаж, амны хаалтны хүрэлцээ муу, ээлжийн үеийн хоол цайг өөрсдөө зохицуулж байгаа тухай ярьжээ. Үзлэгийг МҮЭ-ийн холбооноос энэ сарын 19-21-ны өдрүүдэд хийх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.