Орос-Монголын хилийн Тувагийн хэсгийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг түр хаана
Коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Тувагийн нутаг дэвсгэр дэх Орос, Монголын хил дээрх шалган нэвтрүүлэх цэгүүдийн ажлыг түр зогсоохоор болсон тухай баасан гарагт Тувагийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.
“Орос-Монголын хил дээрх шалган нэвтрүүлэх цэгүүдийг түр хугацаагаар хаах тухай Улаанбаатар хотод суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл хүлээн авлаа. Орос-Монголын улсын хилийн Тувагийн хэсгийн авто замын “Боршоо” боомтын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны 00:00 цагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд түр хугацаагаар зогсоохоор боллоо. "Арцсуурь", "Тэс" авто замын боомтуудааг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар түр хаана” гэж мэдээлэлд дурджээ.
Тувагийн Засгийн газрын хэвлэлийн албаны тайлбарласнаар, коронавирусний тархалтыг хумих зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.
Арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар Тувад коронавирусний халдварын 10500 гаруй тохиолдол бүртгэгджээ. Кызыл хотын эмнэлгүүдэд эмчлүүлж буй 114 хүний биеийн байдал хүнд байна. Нэг өдрийн дотор 85 хүн эмнэлэгт хүргэгджээ. Тувад “COVID-19”-ийн халдвар авсны улмаас нийт 125 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.