ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв улсын хэмжээнд цахим хурал зохион байгуулав
Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал, Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа цаг үеийн байдалд зохицуулан ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах болон шуурхай операторын нийт бие бүрэлдэхүүний оролцоотой цахим шуурхай хурлыг зохион байгууллаа.
Хурлаар “Шуурхай 119” тусгай дугаарын үйлчилгээний үүрэг, зорилго, үйл ажиллагаа, цар тахал өргөжин тэлсэн үед дуудлагын ачааллыг тэнцвэржүүлэх бодлого, ЭМЯ-ны харьяа бүх байгууллагын шуурхай оператортой холбогдох горим, түүнчлэн аймаг, орон нутаг, нийслэл, дүүргийн эмнэлэгт коронавирусний халдварын цар тахлын үеийн зөвлөгөө, мэдээлэл өгөх операторуудыг ажиллуулах шаардлага, операторуудыг КоллПро компанийн дэмжлэгтэй 119 тусгай дугаартай холбох автоматжуулсан системийг ажиллуулах нөхцөл боломж зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хуралд оролцогчдоос асуулт тавьж, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагууд КоллПро компанитай хэрхэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны дугаараа шинэчлэх, 119 тусгай дугаартай хэрхэн холбох, коронавирусний халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөхдөө юуг анхаарах, эрэмбэлэн ангилалт хийх операторуудын үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар ярилцаж шийдвэрлэв.
Цахим хуралд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа, албаны дарга Р.Даваадорж, КоллПро компанийн менежер н.Булган нар оролцлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.