Дональд Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулиани коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулиани коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Түүнийг халдвар авсан тухай ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсаар мэдэгдсэн байна.
Түүнийг Вашингтоны Жорж Тауны их сургуулийн эмнэлэгт хүргэсэн байна. Өдгөө 76 настай, Нью-Йорк хотын захирагч байсан Руди нь Трампын сонгуулийн кампанитын нэхэмжлэл гаргах үйл явцыг ахалж, ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсныг шүүх дээр нотлох, Трамп ерөнхийлөгчийг ялуулахын төлөө шүүх дээр тэмцэж байгаа гол хүн юм байна. Тэрээр сүүлийн өдрүүдэд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой байр суурийг нотлох гэж олон удаагийн нислэг хийж, хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт Жоржиа мужид очиж шүүхийн сонсголд оролцжээ. Коронавирусний аюулыг үл ойшоож байгаа Трамп ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн олон хүн ковид-19 цар тахлын халдвар авсны сүүлийнх нь Руди Жулиани юм. Сүүлийн 2 сар гаруйн хугацаанд Трамп ерөнхийлөгч өөрөө болон тэргүүн хатагтай Меланиа, болон хоёр хүү нь коронавирусний халдвар аваад эдгэрсэн.
Мөн цагаан ордны өндөр албан тушаалтнуудын халдвар авч, эдгэрч байсан. Жонн Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр АНУ-д коронавирусний халдвар авсан тохиолдол сүүлийн тав хоногт 1 саяаар нэмэгджээ. Мөн өдөрт дунджаар 2 мянган хүн коронавирусний улмаас нас барж байгаа юм байна. Талархлын баярын дараа АНУ-ын муж улсуудад цар тахлын халдвар нэмэгдэж, Кадифорни мужид л гэхэд ням гарагт 30 мянган халдвар шинээр бүртгэгдэж, гурван долоо хоногийн хөл хорио тогтоож, иргэдээ гэртээ байхыг зөвлөж байна. Одоогоор АНУ-ын Пфайзер, Модерна компаниуд гарган авсан вакцинаа нийтийн хэрэглээнд зөвшөөрөхийг хүссэн хүсэлдээ Америкийн Хүнс, Эмийн удирдах газарт гаргаж, хариугаа хүлээж байна. Хүнс, Эмийн удирдах газарт нь уг вакцинуудыг нийтийг дархлаажуулахад зөвшөөрөх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.