Томоохон компаниудын зэвсгийн худалдаа өсжээ

Томоохон компаниудын зэвсгийн худалдаа өсжээ

Дэлхийн хамгийн том 25 компанийн зэвсгийн худалдааны хэмжээ өнгөрсөн онд 361 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 8.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ тухай Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /SIPRI/ тайланд дурдсан байна.

Шилдэг 25 компанийн эхний тавд АНУ-ын компаниуд орсон байна. Эдгээр нь “Lockheed Martin”, “Boeing”, “Northrop Grumman”, “Raytheon”, “General Dynamics” компаниуд юм. Өнгөрсөн онд Америкийн компаниудын худалдаа 166 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2019 оны жагсаалтад Америкийн нийтдээ 12 компани багтсан бөгөөд зэвсгийн нийт худалдааны 61 хувийг эзэлжээ.

Дээрх жагсаалтад анх удаа Ойрхи Дорнодын компани багтсан нь Арабын Нэгдсэн Эмирт улсын (АНЭУ) “EDGE” компани юм. Өнгөрсөн онд 25 орчим жижиг компанийг нэгтгэж байгуулсан тус компани хамгийн том 25 компанийн жагсаалтад 22 дугаарт /1.3 хувь/ бичигджээ. “EDGE бол цэргийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үндэсний эрэлт хэрэгцээг гадаадын ханган нийлүүлэгчдээс хараат байдлыг бууруулах эрмэлзэлтэй хослуулж, Ойрхи Дорнодын цэргийн компаниудын хувьд хөдөлгөгч хүч болж байгааг харуулсан сайн жишээ юм" гэж SIPRI-гийн Зэвсэг ба батлан ​​хамгаалахын зардлын хөтөлбөрийн ахлах судлаач Питер Весман онцолсон байна. 

Шилдэг 25-д багтсан өөр нэг шинэ компани бол “L3Harris Technologies” юм. Тус компанийг 2018 оны шилдэг 25-д багтаж байсан Америкийн хоёр компани болох “Harris Corporation” ба “L3 Technologies”-ийг нэгтгэх замаар байгуулсан байна.  2019 оны жагсаалтад шинэ компани аравдугаар байрт оржээ.

2018 оныхтой харьцуулахад шилдэг 25 компанийн 19-ийнх нь худалдааны хэмжээ өссөн байна. Үүнээс “Lockheed Martin” компанийн борлуулалтын хэмжээ хамгийн их буюу 11 хувиар өсжээ.    

Зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч компаниудын жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын дараа БНХАУ-ын компаниуд орсныг SIPRI-гийн шинжээчид онцолсон байна. Хятадын компаниуд 2019 оны зэвсгийн нийт худалдааны 16 хувийг эзэлжээ. Баруун Европын зургаан компани 18 хувийг эзэлсэн бол ОХУ-ын хоёр компани 3.9 хувийг эзэлсэн байна.

Жагсаалтад Хятадын дөрвөн компани багтсаны гурав нь эхний аравт бичигдсэн байна. Эдгээр нь “Aviation Industry Corporation of China” (AVIC, 6 дугаарт), “China Electronics Technology Group Corporation” (CETC наймдугаарт), “China North Industries Group Corporation” (NORINCO, есдүгээрт) компаниуд юм. Дөрөв дэх компани болох “China South Industries Group Corporation” сүүлээсээ хоёрдугаарт буюу 24 дүгээрт орсон байна. Эдгээр дөрвөн компанийн худалдаа 2018-2019 онд 4.8 хувиар өсжээ.

Шилдэг 25-д багтсан Оросын хоёр компани болох "Алмаза-Антей" концерн болон “Хөлөг онгоцны үйлдвэрлэлийн нэгдсэн корпорац”-ын орлого нийлээд 634 сая ам.доллароор буурсан байна. Жагсаалтад багтсан Оросын гурав дахь компани нь “Нисэх онгоцны үйлдвэрлэлийн нэгдсэн кордорац” бөгөөд тус компанийн худалдаа 2019 онд 1.3 тэрбум ам.доллароор буурч, тэргүүлэх байр сууриа алджээ. Энэ нь "дотоодын өрсөлдөөнтэй, түүнчлэн 2019 онд нисэх онгоцны парк шинэчлэлд Засгийн газраас хуваарилсан хөрөнгийг бууруулсантай холбоотой байна".

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/245820

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.