БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүлжээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүлжээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт нийт 225 өвчтөн байснаас хүүхэд болон насанд хүрсэн 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүлсэн. Мөн тус дүүргийн 28 хорооноос 20 цэгт дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулж буйг Баянзүрх дүүргийн онцгой комиссын дарга Н.Баянмөнх өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов.

Тус эмнэлгийн голомттой холбоотой 1136 хавьтал байгаа бөгөөд эхний ээлжинд авбал зохих бүх хавьтлаас шинжилгээ авч 62 тохиолдлыг илрүүлжээ. Тус эмнэлгийн эмч, ажилтан 302, өвчтөн 225, сахиур 93, гэр бүлийн хавьтал бүхий 596 хүнийг бүрэн шинжилгээнд хамруулсан бөгөөд өнөөдрөөс давтан шинжилгээ хийх юм.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дотор байгаа эмч, ажилтнууд, хэвтэн эмчлүүлэгчдийг өвчлөл гарсан өдрөөс эхлэн эрэмбэлэн ангилсан байна. Эхний ээлжинд ойрын хавьтал бүхий эмч ажилтан, эмнэлгээс гарах гэж байсан иргэдийг ажиглан тусгаарлах байр руу шилжүүлж, тусгаарлажээ. Мөн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой өвчний байдал нь хөнгөн хүүхдүүд, халдварт огт өртөөгүй бусад тасгийн хүүхдүүдийг тусгаарласан байна.

Одоогоор тус дүүргийн эмнэлэгт нийт 85 хүн хэвтэн эмчлүүлж, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа юм. Коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Хэрэв зайлшгүй гарах тохиолдолд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангах шаардлагатай юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.