Тусгаарлах байруудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв
Улсын Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 40 дүгээр тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг “Ковид-19” цар тахлын сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан ажиглах байруудад үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргах зорилготой ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахалж, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баяр-Эрдэнэ, ХӨСҮТ-ийн тархвар судлаач, их эмч М.Цолмон, ТЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа нарын бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар дахь тусгаарлан ажиглах 16 байранд үзлэг шалгалт хийсэн байна.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн цахимаар хуралдаж үзлэг шалгалтынхаа дүнг хэлэлцжээ.
Бүлгийн ахлагч Б.Баярмагнай хурлын төгсгөлд “Энэ сард дөрвөн нислэгээр 700 орчим иргэн эх орондоо ирнэ. Тэдгээр иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь бидний үүрэг. УОК-ын Шуурхай бүлгийн гишүүд тусгаарлах байруудад ажиллаж өөрсдийн чиглэлийн хүрээнд үнэлэлт, дүгнэлт хийсэн. Хамгийн гол нь тусгаарлах байруудад тавьж буй шаардлагыг бүрэн хангах ёстой. Үүнд бид хяналт тавьж ажиллалаа” гэсэн бол гишүүд өөрсдийн санал, санаачилга, үнэлэлт, дүгнэлтийг уламжлав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.