Дэлхий даяар энэ онд 50 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан амиа алджээ
Дэлхий даяар энэ онд 50 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан амиа алдлаа гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” /RSF/ байгууллагаас мягмар гарагт танилцуулсан жил тутмын тайланд мэдээлэв.
Тэдгээр сэтгүүлчийн дийлэнх нь дайн тулаан өрнөөгүй улсад амиа алдсан байна. Тайланд дурдсанаар, сэтгүүлчид ажил мэргэжлийнхээ улмаас хохирох, амиа алдах тохиолдол нэмэгдэх болжээ. Тодруулбал, энэ онд амиа алдсан сэтгүүлчдийн 84 хувийнх нь амийг санаатайгаар хөнөөсөн нь 2019 онынхоос 21 хувиар өссөн байна.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 15-ны хоорондох хугацааг хамарсан тайлан мэдээнд тэмдэглэснээр, эрэн сурвалжлах мэдээ мэдээллийг хэвлэн нийтэлж буй сэтгүүлчид халдлагад хамгийн их өртжээ.
2020 онд амиа алдсан сэтгүүлчдийн 10 нь хээл хахууль, нийтийн санг зүй бусаар захиран зарцуулсан хэргийн талаарх мэдээллийг нийтэлснийхээ дараа амиа алдсан бол дөрөв нь зохион байгуулалттай гэмт хэргийн талаар мэдээлсэн байжээ. Мөн долоон сэтгүүлч жагсаал цуглааны талаар мэдээлж байхдаа амиа алдсаныг тайланд онцолжээ.
Мөн “RSF” дайн тулаангүй, тайван орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд амиа алдах тохиолдол нэмэгдэж байгаад ихээхэн санаа зовниж байна. Энэ онд амиа алдсан сэтгүүлчдийн 68 хувь нь дайн дэгдээгүй улсад амиа алдсан бөгөөд энэ үзүүлэлт 2019 онд 62 хувь, 2018 онд 60 хувь байсан юм.
2020 онд Мексикт хамгийн олон буюу найман сэтгүүлч, Иракт зургаа, Афганистанд тав, Энэтхэг, Пакистанд тус тус дөрвөн сэтгүүлч амиа алдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.