Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн горилла мичнээс коронавирусний халдвар илэрлээ
АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр горилла мичнээс коронавирусний халдвар илэрлээ гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсом даваа гарагт мэдэгдэв. “Одоогоор гурван амьтнаас халдварын шинж тэмдэг илэрч байна. Тэдгээрийг халдварын шинж тэмдэггүй ажилтнаас халдвар авсан гэж таамаглаж байна” гэж амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.
Эрдэмтдийн судалгаагаар хүнтэй төстэй амьтад вируст өртөмтгий болохыг тогтоогоод байсан хэдий ч аварга мич коронавирусээр халдварласныг илрүүлсэн анхны тохиолдол энэ болж байна. Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын мэдээлснээр, горилланууд сүргээрээ амьдарч байсан тул бүгд халдвар авсан байж болзошгүй ажээ. Халдвар илэрсэн хоёр горилла өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас ханиаж эхэлжээ.
Мичний сүрэгт хийсэн урьдчилсан шинжилгээгээр халдвар илэрсэн бөгөөд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн үндэсний лаборатори даваа гарагт шинжилгээний хариу эерэг гарсныг баталсан байна. "Гориллануудад хамар битүүрэх, ханиах шинж тэмдэг илэрч байгаагаас бусдаар биеийн байдал нь сайн байна. Мичний сүргийг тусгаарласан бөгөөд хоол ундандаа сайн байгаа. Тэдгээрийг хурдан эдгэнэ гэж найдаж байна” гэж амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Лиса Петерсон мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.