Египетээс дэлхийн хамгийн эртний шар айргийн үйлдвэр олджээ

Египетээс дэлхийн хамгийн эртний шар айргийн үйлдвэр олджээ

Египет, Америкийн археологичдын баг 5000 жилийн өмнөх үед хамаарах, нэг удаад 22400 литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай шар айргийн үйлдвэр илрүүлжээ. Египетийн Аялал жуулчлалын яамны мэдээлснээр, Абидос хотоос олдсон олдворыг "дэлхийн хамгийн эртний, өндөр хүчин чадалтай" шар айргийн үйлдвэр гэж үзэж байгаа ажээ.

Энэхүү үйлдвэр нь Нармер хааны үе буюу МЭӨ 3100 оны орчимд хамаарагдах төлөвтэй байна гэж Аялал жуулчлалын яам мэдээлжээ. Хэдийгээр шар айргийн үйлдвэр байсан талаар Их Британийн археологичид 20 дугаар зууны эхээр тодорхойлж байсан боловч нарийвчилсан байршлыг өдийг хүртэл тогтоогоогүй байсныг яамны мэдэгдэлд дурдсан байна.

Археологийн багийн ахлагч, Нью-Йоркийн их сургуулийн судлаач Мэтью Адамсын мэдээлснээр, үйлдвэрийг Египетийн хаадын оршуулгын байгууламжууд дотор болдог зан үйлд ашиглахын тулд байгуулсан байж магадгүй ажээ. Шар айргийн үйлдвэр найман хэсгээс бүрдсэн бөгөөд хэсэг тус бүрт хоёр эгнээнд 40 орчим шавар ваар байжээ. Тэдгээр савыг шар айраг үйлдвэрлэхдээ арвай, усыг халаадаг байсан гэж үзэж байна.

Египет улс орондоо жуулчдыг татахын тулд сүүлийн саруудад хэд хэдэн томоохон нээлтийнхээ талаар танилцуулжээ. Тухайлбал, Александриа хотын ойролцоогоос 2000 орчим жилийн өмнөх үед хамаарах алтан хэлтэй занданшуулсан шарилнуудыг илрүүлснээ энэ сарын эхээр мэдэгджээ. 

Египетэд 2011 оны хувьсгалаас хойш аялал жуулчлалын салбар уналтад орох болсон бөгөөд коронавирусний халдвараас үүдэлтэй хямрал даамжруулж байгаа ажээ. Египетээр 2019 онд 13.1 сая жуулчин аялсан бол өнгөрсөн онд уг үзүүлэлт 3.5 саяд хүрч буурчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.