БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны гэргий Ли Соль Жу мягмар гарагт удирдагч агсан Ким Жөн Ирийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан тоглолтыг үзсэнээр жил гаруйн хугацаанд анх удаа олны өмнө гарч иржээ.
Ли Соль Жу хамгийн сүүлд өнгөрсөн оны нэгдүгээр сард Ким Жөн Уны хамт нийслэл Пёньян хотын “Самжион” театрт сар шинийн баярыг тоглолт үзэж сонирхсон юм.
“Ким, Ли нар удирдагч агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан “Мансудэ” театрт мягмар гарагт зохион байгуулсан тоглолтыг үзсэн” гэж БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын харьяа “Родун Синмун” сонинд мэдээлжээ. Мөн тэднийг тоглолт үзэн инээмсэглэж буй хэд хэдэн гэрэл зургийг нийтэлсэн байна.
Ли Соль Жу тэргүүн хатагтайн хувиар Ким Жөн Унтай олон үйл ажиллагаанд хамт оролцож байсан юм. Тухайлбал, 2019 онд тэд “Пэкду” ууланд цагаан морьд унан гарсан юм. Мөн тухайн онд “Кымган” уулын амралтын газар, Яндок тойргийн халуун рашаан зэргийг шалгах ажиллагаанд хамт явжээ.
Ли Соль Жуг өнгөрсөн оны эхэн үеэс хойш олон нийтийн өмнө харагдахаа больсонтой холбоотойгоор янз бүрийн таамаглал гарч байсан юм. Тэдгээрээс дурдвал, түүнийг бие давхар болсон мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдийнхээ төлөө олон нийтийн үйл ажиллагаанаас зайлсхийх болсон гэж үзэж байжээ.
БНСУ-ын Үндэсний тагнуулын газрын мэдээлснээр, БНАСАУ-д коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй үед Ли Соль Жу олон нийтийн өмнө гарахаас зайлсхийж байгаа бололтой байна. Мөн тэрбээр хүүхдүүдтэйгээ цагийг түлхүү өнгөрүүлж байгаа бөгөөд “ердийн үеийнхээс жигтэй үйл явдал ажиглагдаагүй” байна.
Ажиглагчдын үзэж буйгаар, Ли Соль Жу тоглолт үзэн олны өмнө гарч ирсэн нь БНАСАУ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүддээ итгэлтэй байгааг илтгэж байж болох ажээ.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн гэрэл зургуудад тоглолт үзэж буй хүмүүсийг харуулсан бөгөөд тэдний дунд Ким, Ли нар амны хаалт зүүлгүйгээр зэрэгцэн сууж байжээ.
Пёньян улс орондоо коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаа боловч өнгөрсөн оны эхэн үеэс түргэн шуурхай хийгээд хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, хилээ хааж, хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
БНАСАУ удирдагч агсан Ким Жөн Ирийн мэндэлсний 79 жилийн ойг томоохон өдөөн хатгалгагүйгээр цомхон тэмдэглэсэн бололтой байна. Ким Жөн Ун Кымсусан нарны ордонд зочилсон талаар төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмнө нь мэдээлжээ. Энэхүү ордонд БНАСАУ-ын үүсгэн байгуулагч Ким Ир Сен болон удирдагч агсан Ким Жөн Ирийн шарил хадгалагддаг билээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.