Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг
Монголын 2 хүн тутмын нэг нь нуруу хүзүүний шохойжилттой ,та тэдний нэг биш биз?.
Статистик мэдээгээр бол дэлхийн хүн амын хоёр хүний нэг нь энэ өвчнөөр өвдөж байгаа бөгөөд дэлхий дээр амьдарч буй 40-өөс дээш насныхны 10 хүн тутмын найм нь энэ таагүй өвчтэй таардаг аж. Хамгийн их өртдөг хүмүүс нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд.
Остеохондроз өвчнөөр хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү өртдөг. Энэ нь жирэмслэлт болон төрсний дараа уг өвчин эхэлж цэвэршилтийн үед идэвхждэгтэй холбоотой.
Гэтэл эрэгтэйчүүдэд нурууны остеохондроз өвчин олон дахин хурцдах, архаг удаан явах нь илүү байдаг. Энэ нь эрчүүд биеийн хүчний ажил илүү хийдэг, физиологийн онцлог, элдэв хорт зуршилд нэрвэгдэх явдал элбэг байдагтай холбоотой. Харамсалтай нь сүүлийн үед энэ өвчнөөр өвдөгсөд улам бүр залуужиж байна.
Нурууны нугаламуудыг чөлөөтэй хөдлөх боломжоор хангаж байдаг нугалам хоорондынх нь зөөлөн эд буюу дискэнд өөрчлөлт гарахыг остеохондроз гэнэ. Мэдрэлийн ёзоорын үрэвслийн /радикулит/ 95 хувь нь нугалам хоорондын мөгөөрс ясжих эмгэг буюу бидний нэрлэж заншсанаар нуруу хүзүүний шохойжилттой, үлдсэн таван хувь нь нугалам хоорондын ивэрхий болон нугаламын удсан гэмтэлтэй холбоотой гэж үздэг. Тэгвэл Монголын хоёр хүн тутмын нэг нь нуруу хүзүүний шохойжилттой гэдгийг та мэдэх үү?
Хүний багана нурууны бүтэц үйл ажиллагаа
1. Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол хүний бүх биеийн жинг үүрч, үүнийхээ зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэнэ. Хүний багана нуруу хүзүүний -7, сээр нурууны -12, бүсэлхий нурууны -5, ууцны нурууны -5, ахар сүүл -4-5 нийт 33-34 яснаас тогтдог.
2. Нурууны яснууд хоорондоо нурууны нугалам хоорондын мөгөөрс буюу зөөлөн эдээр холбогдон мөн зааглагдана. Энэ зөөлөн эд нь нь нурууны хөдөлгөөнийг уян зөөлөн болгож багана нуруунд ирэх ачааллыг багасгаж зөөлөвчний үүрэг гүйцэтгэж байдаг бөгөөд гадуураа фиброзон цагирган бүрхүүл бүхий гель маягийн бүтэцтэй байдаг юм.
3. Нурууны ясны хөндийгөөр явж байгаа нугаснаас салбарласан 33 хос мэдрэлийн салаа байх бөгөөд энэ мэдрэлүүд нь мэдрэлийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог.
Бодисын солилцооны хямрал тухайлбал, кальци ба фосфор, магни, марганц, цайр зэрэг макро микро элементийн дутагдал, Д аминдэмийн дутагдал, хөдөлгөөн багасах, гэмтэл, даарч хөрөх, буруу суух, удаан хугацаагаар зогсож ажиллах, огцом ачаалал авах, байнга хэт ачаалалтай ажиллах, хөгшрөлт, таргалалт зэрэг олон шалтгааны улмаас нурууны хоёр хажуугийн булчингууд чангаран нугалам хоорондын зай эрс багасснаас нугалам хоорондын зөөлөн эд шахагдан фиброзон бүрхүүл нь гэмтэж, доторхи гель маягийн бүтцэд гулгалт үүсэн энэ нь нугаснаас салбарласан мэдрэлийн салаануудыг хавчин дарснаас нурууны остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн эмгэг үүснэ.
Хүндэрвэл нугаламын тэжээл алдагдан нурууны үенүүдийн зөөлөн эд шохойжин хатуурч шохойжилт, улмаар яс ургалт үүсдэг байна. Бүр хүндэрвэл саа саажилт үүсэх хүртэл аюултай.
Тэгвэл та энэ өвчин таньд байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
Багана нурууны аль хэсэгт энэ эмгэг үүссэнээс шалтгаалан янз бүрийн шинж тэмдэг илэрнэ.
Хүзүүний нугаламд суулт, шохойжилт үүссэн үед: Толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, юм хоёр харагдах, дотор муухайрч огиулах, хүзүү хөших, хуян хөөрөх, хүзүү гоёдох, хоёр гар бадайрч өвдөх, гараа их хөдөлгөн ямар нэг ажил хийсэн, удаан тонгойн суусан үед мөн шөнийн цагаар өвдөлт нэмэгдэх, хоёр эсвэл нэг талын гарын бугалга, тохой шуугаар бадайрч янгинаж өвдөх, гарын хуруунууд мэдээ муутай болох, хүзүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах, нойр муудах, тайван бус болох, амархан ядрах, их зүүдлэх, зүрх дэлсэх, даралт ихсэх зэрэг шинж ажиглагддаг.
Цээжний нугаламд суулт шохойжилт үүссэн бол: Зүрх дэлсэх, хатгах, зүрхний хэм алдагдах, гар мөрөөр өвдөх, бадайрах, гар уруу өвдөлт дамжих, гарын булчингууд татах, дал мөрөөр хатгаж өвдөх, цээжний хэнгэрцэг хөндүүрлэж өвдөх, өвдөлт цээжээр бүсэлж өвдөж байгаа мэт санагдах, хүчтэй амьсгалах ханиах үед өвдөлт нэмэгдэх, сэрвээгээр хөших зэрэг шинж ажиглагдана.
Нурууны бүсэлхий ууцны үенд шохойжилт, суулт үүссэн үед: Ууц чилэх, хөших, нуруу гэнэт татах, түнхээр хатгаж өвдөх, өвдөлт доошлон гуяны ар урд тал, тахим, шилбэ рүү дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах, найтаах, дүлэх үед нэмэгдэх, тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна, ар шилбэний гадна талаар өнгөц мэдрэхүй алдагдах, булчин зангирах, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдөлгөөн болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх, нуруу мурийх, бөөр өвдөх мэт санагдах, давсаг сулрах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, эмэгтэйчүүдэд эрт цэвэрших, биений юмны мөчлөг алдагдах, өвдөлттэй ирэх, үргүйдэх шинж ажиглагдана.
65-аас дээш настай хүмүүст ясны сийрэгжилт үүссэнээс сээр нуруу нь биеийн жингээ даахгүй цуурч, ан цав гаран хугарах, элэгдэж намсах тохиолдол их ажиглагддаг. Цуурч ан цав гарсан нь тэр болгон оношлогддоггүй. Энэ үед нугасны ёзоор дарагдах нь сүүдэр мэт хамт байна.
Дээрхитэй төстэй зовиурууд гарвал мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Рентген зураг авч, компьютер ба соронзон томографи оношлогоо хийж таны нугаламын байдлыг үзнэ. Мөн тархины цусан хангамжын байдлыг тодруулна
Нурууны рентген зургийг эгц, хажуу, ташуу байрлалаар авна. Остеохондрозын рентген шинж илрэхдээ:
– Нугалмай хойшоо гулсах
– Нугалмайн ирмэг зузаарч, ясан ургацгууд бий болох
– Диск хавтгайрах
– Нугалам хоорондын завсар нарийсах шинжээр тодорхойлогдоно.
Харин компьютер болон MRI шинжилгээгээр дискийн ивэрхий, нугасны ёзоор дарагдлыг бүрэн оношилно.
Эмчилгээ
1. Хамгийн гол нь эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэхэд хөдөлгөөн чухал хэрэгтэй.
2. Эмийн эмчилгээ
3. Өвчин их хүндэрч мэс заслын эмчилгээ шаардагдах хэмжээнд хүрээгүй л бол хамгийн үр дүнтэй эмчилгээ бол өвчний тань болон бие, насны тань онцлогт тохируулан туршлагатай эмчийн сонгосон татлага, бумба, зүү эмчилгээ, бариа засал, шарлага зэрэг хавсарсан физик эмчилгээ юм.
4. Хүндэрсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ.
5. Хурц өвдөлттэй бол хэвтрийн дэглэм
6. Өвчин хурц биш бол рашаан сувилал, халуун шавар
7. Шаардлагатай кальци зэрэг эрдэс бодисоо хоол хүнснээс эсвэл хүнсний нэмэлтээр хангалттай хэмжээгээр авах
Урьдчилан сэргийлэлт Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийх, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлж байх нь чухал.
Зөв байрлал суух
Нурууны өвчин намдаах энгийн аргууд
-Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй байх хэрэгтэй.
-Утсаар ярих үедээ чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.
-Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.
-Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.
-Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлөхөөс гадна хүзүүнд үрчлээ үүсгэдэг.
-Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.
– Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.
– Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.
– Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.
-Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий.
-Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.
-Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.
-Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.
-Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.
– Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт.
– Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.
– Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.
– Биеэ хөлөрсөн үед нүцгэн гадаа гарахаас зайлсхий.
– Бие халаалтгүйгээр тэмцээнд орох, хүнд дасгал хийхээс болгоомжил.
– Сунгалтын дасгал их хийж бай.
– Удаан сууж ажиллахаас сэргийл
– Компьютерээ эгц урдаа байрлуул
Хэрвээ таньд энэ өвчний шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрч байгаа бол эртхэн бага дээр нь эмчлүүлээрэй гэж зөвлөх байна. Яагаад гэвэл бага дээрээ үлдэцгүй эдгэрдэг юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.