“Samsung” шинэ гар утаснуудаа ирэх долоо хоногт танилцуулна...
БНСУ-ын “Samsung Electronics” компани шинэ загварын ухаалаг гар утаснуудаа танилцуулах үйл ажиллагааг ирэх долоо хоногт зохион байгуулна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Энэ сарын 17-нд цахимаар явуулах “Galaxy Awesome Unpacked” үйл ажиллагааны үеэр “Galaxy A52”, “A72” гар утаснуудыг танилцуулах төлөвтэй байна.
“Samsung” компани “Galaxy A” загварын утаснууддаа зориулан танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулдаггүй байсан бөгөөд ийнхүү анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.
“Samsung” шинэ гар утаснуудынхаа үзүүлэлтийн талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа боловч эх сурвалжуудын мэдээлснээр, “A52”, “A72” нь тус бүр 6.5, 6.7 инчийн дэлгэцтэй, ардаа 64 мегапикселийн гол камер бүхий дөрвөлжин камерын хэсэгтэй байх ажээ.
БНСУ-д “5G” сүлжээ дэмждэг “A52”, “A72” гар утсыг энэ оны хоёрдугаар улирлаас 500 мянгаас /440 ам.доллар/ 600 мянган воноор худалдаалах төлөвтэй байна.
Үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Хятад дахь өрсөлдөгч “Huawei” компани нь АНУ-ын хориг арга хэмжээнүүдийн улмаас хохирол амсаж буй үед “Samsung” борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд ийнхүү хямд үнэтэй гар утасныхаа тоог олшруулж байгаа ажээ.
“Samsung” өнгөрсөн онд ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалж чадсан боловч нийлүүлэлт буурсны улмаас зах зээлд эзлэх хувь нь 20-иос 19 хувьд хүрч буурчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.