БНАСАУ АНУ-д "хариу өгөхгүй" байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНАСАУ-ын Засгийн газартай энэ оны хоёрдугаар сараас эхлэн холбоо тогтоохыг зорьж байгаа боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.
Вашингтон хурцадмал байдал даамжрахаас урьдчилан сэргийлэхийн тул хэд хэдэн арга замаар Пёньянтай холбогдохыг оролдсон гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Пёньяны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн тухай АНУ, БНАСАУ-ын хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хийсэн гурван удаагийн уулзалтаар энэ чиглэлд бага зэрэг ахиц дэвшил гарсан хэдий ч АНУ болон өрнөдийн орнуудын гол шаардлага болох БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй билээ.
Мөн БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа ажээ. АНУ Пёньянтай НҮБ дэх БНАСАУ-ын төлөөлөгчдөөр дамжуулан холбоо тогтоохыг оролдсон байна.
АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн “Reuters” агентлагт мэдээлснээр, БНАСАУ-тай холбоо тогтоохыг “олон удаа оролдсон” боловч сүүлийн 12 сар гаруйн хугацаанд ач холбогдолтой хариулт ирүүлээгүй байна. Энэхүү хугацааны дийлэнх нь Д.Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд хамаарч байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.